“Зүүнбаян рефайнери” ХХК  200 сая төгрөг төлөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд ханджээ

“Зүүнбаян рефайнери” ХХК  200 сая төгрөг төлөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд ханджээ

Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч “Зүүнбаян рефайнери” ХХК Туулын бургасыг огтолж, байгаль орчинд хохирол учруулсан асуудал хэсэг олны анхаарлын төвд байсан билээ. “Зүүнбаян рефайнери” ХХК нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы төрсөн ахын хувийн компани гэдэг нь олон нийтэд хэдийнэ ил болсон юм.

-ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ ДАВАА ГАРАГТ БОЛНО-

Уг компани нь аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан ч Туулын бургасыг огтолж, бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулж, улмаар хоёр га орчим газрыг сүйтгэсэн хэмээн холбогдох байгууллагуудаас мэдээлсэн. Энэ байдал олны дургүйцлийг хүргэж улмаар иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч жагсаал цуглаан зохион байгуулагдсанаар Хотын дарга С.Амарсайхан /2019.04.08/ “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох үүргийг холбогдох хүмүүст үүрэг болгосон байдаг.

Гэтэл “Зүүнбаян рефайнери” ХХК –ийг тойрсон хэрэг гарсан байна.

Тодруулбал, тус компанийг “Блю-Сий” ХХК байгууллагын эд хөрөнгө эвдсэн, түрээсийн гэрээний төлбөр хэмээн 200 сая төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан байна. Улмаар “Зүүнбаян рефайнери” ХХК нь төлөхгүй хэмээн Давж заалдах шатны шүүхэд хандаснаар шүүх хуралдаан наймдугаар сарын 5-ний өдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болохоор тов зарлагдсан байна.

У.УРАНЦЭЦЭГ