Э.Саруул “Токио-2020” олимпийн наадмын байт харвааны шүүгчээр сонгогдлоо

Э.Саруул “Токио-2020” олимпийн наадмын байт харвааны шүүгчээр сонгогдлоо

Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпийн наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Уг нэрсийн жагсаалтад Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтаж, уг спортын түүхэнд улсынхаа анхны шүүгч болж байна.

“Токио-2020” олимпийн байт харвааны тэмцээн долдугаар сарын 23-31-нд Токиогийн Юүменошима Паркт болох бөгөөд өнөөгийн байдлаар манай тамирчдаас Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд байгаа юм. Байт харваа нь “Сент-Луис-1900” наадмаас эхлэн нийт 17 удаа олимпийн хөтөлбөрт багтсан бөгөөд манай харваачид 8 удаа олимпод оролцсон байна.

Энэ жил 35 настай Э.Саруул нь эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн. Түүний аав Р.Энхбат тэшүүрчин, ээж Б.Цэцгээ байт харвааны тамирчид байсан аж. Спортын гэр бүлд өссөн Э.Саруул 2013, 2019 оны Ази тивийн АШТ, 2015, 2021 оны Залуучуудын ДАШТ,  2016 оны Дэлхийн цом, 2016 оны Оюутны ДАШТ, 2019 оны Универсиад, 2018 оны Залуучуудын III Олимпийн наадамд тус тус шүүгчээр ажилласан юм байна.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө