Амьтны эд, эрхтнийг хил дамнуулахыг таслан зогсоосон алба хаагчийг Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс шагнажээ

Амьтны эд, эрхтнийг хил дамнуулахыг таслан зогсоосон алба хаагчийг Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс шагнажээ

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан “Зэрлэг амьтны хил дамнасан хууль бус худалдааг бууруулах, хил орчмын иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх” төслийг 2018 оноос  хэрэгжүүлж буй.

Эл төслийн багийнхан зэрлэг амьтны эд, эрхтний хууль бус худалдаатай тэмцэж байгаа гаалийн улсын байцаагч нарыг урамшуулах зорилгоор жил бүр “Зэрлэг амьтан, ургамлын шилдэг хамгаалагч”-ийг тодруулж, 2000 фунт стерлингийн шагнал олгодог аж. Энэ удаагийн “Зэрлэг амьтан, ургамлын шилдэг хамгаалагч”-аар Гаалийн Ерөнхий Газрын Замын-Үүд дэх хэсгийн улсын байцаагч Г.Ууганбаяр тодорчээ. Тэрбээр, өнгөрсөн онд есөн хэрэг илрүүлсний гурав нь эрүүгийн, зургаа нь захиргааны, тав нь зэрлэг амьтны эд, эрхтэн худалдаалахтай холбоотой байжээ. Энэ талаар дээрх төслийн мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Чонын эрүү, ходоод, арьс тус бүр нэг, соёо 71, халиун бугын долоон чивийг хууль бусаар, хил дамнуулан худалдаалах гэж байсныг улсын байцаагч Г.Ууганбаяр илрүүлж, “Зэрлэг амьтан, ургамлын шилдэг хамгаалагч”-аар тодорлоо. 2019 онд эл шагналыг Замын-Үүдийн гаалийн байцаагч Я.Мөнхнасан хүртэж байсан удаатай.  Бид эрэлч нохойтой алба хаагчдын үйл ажиллагаа, гүйцэтгэлийг бодитоор үнэлж, тэдгээрийн чадварыг сайжруулах зорилгоор урамшуулдаг. Мөн эрэлч нохдын тусламжтайгаар зэрлэг амьтны эд, эрхтнийг хил дамнуулан худалдаалахаас сэргийлж, ГЕГ-ынхантай хамтран ажиллаж байна” гэв.

Ташрамд дурдахад, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг нь 1826 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг билээ.

Ж.ТУУЛ