БАРИМТ: ЗТХЯ-аас гарсан ажлын хэсэг ИНЕГ-ын удирдлагуудын нэр холбогдсон хууль бус үйлдлийг илчлэх үү

БАРИМТ: ЗТХЯ-аас гарсан ажлын хэсэг ИНЕГ-ын удирдлагуудын нэр холбогдсон хууль бус үйлдлийг илчлэх үү

-АЖЛЫН ХЭСГИЙГ Ж.БАТЗАНДАНГИЙН АХ Ж.БАТ-ЭРДЭНЭ
АХАЛЖ БАЙНА -

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон бусад удирдлагуудын хууль бус үйлдэл, эрх ашгийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээллүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан.

Тодруулбал,

  • Л.Бямбасүрэнгийн таван ах, дүүс “Трасткапитал” банк бус санхүүгийн байгууллагаараа мөнгө хүүлдэг.
  • ИНЕГ нь гурван өрөө байрны мөнгө буюу 143 сая төгрөгөөр 00 цаас, салфетканы тендер зарлаж “Грандмакс” гэх компанийг компанийг шалгаруулж гэрээ байгуулахдаа хуулийн дагуу бичиг баримтыг үйлдээгүй.
  • ИНЕГ-аас 6.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Зөөврийн зориулалт бүхий шалгалтын нислэгийн цогц төхөөрөмж” худалдан авах тендер зарлан, “Ач холдинг”, “Ач сервис” ХХК-ийн хамтарсан нэгдлийг шалгаруулж, ИНЕГ-т 750 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан. Уг тендер шалгаруулалтыг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн баталсан.
  • ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом, НБУГ-ын дарга Д.Эрдэнэбаатар нар Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд галын командлагчийн зориулалтаар ашиглах зориулалттай Ланд-200 машиныг хадгалах үүрэгтэй хүлээж авсан ч хувьдаа хэрэглэсэн.
  • ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн найзынхаа “Гүрэн” дээд сургуулийг зөвлөхөөрөө сонгон шалгаруулж 640 сая төгрөгийг бэлэглэсэн.
  • Ахынхаа хүүхдийг ИНЕГ-ын төсвөөр Сөүлд суралцуулсан. Улмаар тэтгэлгийг 500 ам.доллар болгон 2.5 дахин нэмэгдүүлсэн.
  • Улсын болон Иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг удаашруулсан гэх мэт ноцтой мэдээллүүд нийтлэгдсэн.

Хэвлэлд нийтлэгдсэн уг мэдээлэлтэй холбогдуулан энэ сарын 17-ны өдөр Л.Халтар сайд тушаал гаргаж мэдээллийг шалган тодруулах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг дэд сайд Ж.Бат-Эрдэнээр /УИХ-ын гишүүн Ж.Батзандан/ ахлуулан гаргасан байна. Ажлын хэсгийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Тус ажлын хэсэг нь үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тайлан дүгнэлтийг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ны өдрийн дотор Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагад танилцуулах үүрэгтэй аж.

-Л.БЯМБАСҮРЭНГ ХАМГААЛЖ, ИНЕГ-Т ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮГНЭЛТИЙГ ЭЕРЭГ ГАРГАХ УУ-

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй холбоотой гомдлуудаас үүдэж, МАН-ын удирдлагын түвшинд түүнийг албан тушаалаас нь огцруулах асуудал сөхөгдсөн ч УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, ТНБД С.Батболд нарын хүмүүс хамгаалж үлдээхээр тохирсон гэх мэдээлэл байгаа юм. Цаашлаад дээрх хүмүүс өнгөрсөн долоо хоногт Л.Бямбасүрэнг, Л.Халтар сайдтай уулзуулж, ойлголцуулсан гэх яриа ч яригдаж байна. Тиймээс Л.Халтар сайд ИНЕГ-т шалгалт оруулсан нэрээр Л.Бямбасүрэнг хамгаалж дүгнэлтийг эерэг гаргах тохироог хийсэн байж болзошгүй байгаа аж.

Тодруулбал, шалгалт хийхэд ноцтой алдаа, дутагдал илрээгүй гэх дүгнэлтээр асуудлыг “хаах”-аар тохиролцсон байх магадлалтай аж. Гэтэл Л.Бямбасүрэн тэргүүтэй ИНЕГ-ын удирдлагуудын нэр холбогдсон 4-6 хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий.

Үнэхээр ИНЕГ-ыг шалгасан дүгнэлтийг бодлоготойгоор эерэг гаргаж, Л.Бямбасүрэнгийн нэр холбогдсон асуудлуудыг хараагүй мэт хажуугаар нь өнгөрвөл Л.Халтар сайдад ямар эрх ашиг байна гэж хардахад хүргэнэ. Цаашлаад хууль бус үйлдлийг нуун дарагдуулсан, өөгшүүлсэн асуудалд ч унаж мэдэх юм. Тэгэхээр ажлын хэсгийг дүрэм, журмын дагуу ажиллаж бодит үнэнд нийцэх дүгнэлтийг гаргах эсэхэд Л.Халтар сайдыг хяналт тавина биз ээ.