М.Мягмарсайхан: “Улаан цутгалан” хүрхрээн дээгүүр татсан 65 метр утсан дээр явж, тэнцвэрийн үзүүлбэр толилуулна

М.Мягмарсайхан: “Улаан цутгалан” хүрхрээн дээгүүр татсан 65 метр утсан дээр явж, тэнцвэрийн үзүүлбэр толилуулна

“Хамгийн өндөрт үзүүлбэр толилуулсан жүжигчин” хэмээн үе үеийн циркчдийн амжилтын буухианд тэмдэглүүлсэн жүжигчин наймдугаар сарын 11-нд Монголдоо нэгэн гайхамшигт үзүүлбэрээ толилуулах гэж байна. Тэр бол “Монголын циркийн нэвтэрхий толь” номд нэр нь бичигдсэн уран бүтээлчдийн нэг болох М.Мягмарсайхан юм. Тэрбээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт, “Улаан цутгалан” хүрхрээн дээгүүр татсан 25 метр өндөрт татсан, 65 метр урт, төмөр утсан дээгүүр явж, тэнцвэрийн үзүүлбэр хийхээр бэлтгэж байна. Чанга утасны үзүүлбэр (циркийн урлагт олсны олон төрлийн үзүүлбэр бий)-ийг Монголд анх удаа толилуулах гэж байгаа М.Мягмарсайханыг энэ удаагийнхаа “MOVE ON” зочноор урьж, сонирхолтой яриа өрнүүллээ. Тэрбээр 18-хан насандаа Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртэж байсан нэгэн юм.

-МОНГОЛД ОДООХОНДОО ӨНДӨР УТСАН ДЭЭР ЯВДАГ ЖҮЖИГЧИН БАЙХГҮЙ-

-Наймдугаар сарын 11-нд буюу тавхан хоногийн дараа та “Улаан цутгалан” хүрхрээн дээгүүр татсан утсан дээр явах үзүүлбэр үзүүлэх гэж байна. Энэ нь олон хүний анхаарлыг татаж, сонирхол төрүүлж байх шиг байна. Энэ талаар уншигчдадаа мэдээлэл өгч, ярилцлагаа эхлүүлье?

-Арваад жилийн дараа Швейцарт очиж найзтайгаа цуг утсан дээр явах үзүүлбэрээ гурван сар давтаж байгаад ирлээ. Ирэнгүүтээ “Улаан цутгалан” хүрхрээнд очиж үзсэн. Тэгээд надад “Би яг үүн дээгүүр л явах ёстой” гэдэг бодол төрж, дараа жил хэрэгжүүлэхээр өөртөө амласан. Тэгээд энэ тухайгаа акробатчин А.Чүвсэнсэнгэ найздаа хэлтэл “Хойшлуулаад яах вэ, үүнийг ажил хэрэг болгож хийцгээе” гэдэг санаачилга гаргаж, одоо хэрэгжүүлэхээр зүтгэж байна.

-Таны хувьд Монголынхоо үзэсгэлэнт байгальд анх удаа олсон дээр явах үзүүлбэр үзүүлэх гэж байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Монголд анх удаа юм л даа. Одоохондоо өндөр утсан дээр явдаг жүжигчин байхгүй.

-Бэлтгэлээ бүрэн базаачихсан уу, тантай ямар хүмүүс хамтран ажиллах вэ?

-Бэлтгэлээ хойд циркэд базаачихлаа. “Улаан цутгалан”-гийн үзүүлбэрийн аюулгүй ажиллагааг Циркийн сургуулийн багш Х.Ганболд, акробатчин А.Чүвсэнсэнгэ нараар удирдуулсан багийнхан ханган ажиллах юм. Одоо бэлтгэл ажил хангагдаад, ивээн тэтгэгч хайж байна. Ивээн тэтгэгч хайж байгаагийн шалтгаан нь тоног төхөөрөмжтэй холбоотой. 70-80 метр тусгай тороос болон хөндлөн татдаг олс хэрэгтэй байдаг юм. Хөдлөн олснууд нь аваарын буулт хийх зориулалттай. Материаллаг зүйлээс хамааран зардал их гардаг. Одоогийн байдлаар үнэнийг хэлэхэд хамтран ажиллах ивээн тэтгэгч олдоогүй л байгаа. Олдохгүй байлаа ч өөрөө хүсч зорьсон зүйлээ өр зээл тавиад ч хамаагүй зориглоод хийнэ гэж бодож байгаа.

-30 МЕТРИЙН ӨНДӨРТЭЙ, 120 МЕТРИЙН УРТТАЙ УТСАН ДЭЭГҮҮР ШӨНӨ НУРУУНДАА САЛЮТ БЭХЛЭН АЛХАЖ БАЙЛАА-

-Үзүүлбэрээ хамгаалалтгүй хийх үү?

-Хамгаалалтгүй байх тусам хүнд хүрэх нь илүү гоё. Өөрт төрөх мэдрэмж ч сайхан. Би өөрийгөө хичнээн тайвшрууллаа ч өөрт мэдрэгдэх бага зэргийн айдсаа давж гарсны дараах тэр мэдрэмж л хамгийн гоё байдаг юм.

-Олсон дээр гарсан тэр мөчид анхаарлаа юунд төвлөрүүлэх ёстой вэ?

-Салхийг мэдрэх ёстой. Салхинаас хамаараад тэнцвэрээ яаж олохоо бодно. Алхалт болгоноо нарийн тавих ёстой. Хүчтэй салхилбал хажуунаас яг л түлхэж байгаа юм шиг байдаг. Тиймээс төмөр барьж тэнцвэрээ олдог. Нэг л зөрвөл ямар ч авралгүй. Хов хоосон, хий гишгэнэ. Тийм болохоор алхалт бүртээ төвлөрөх ёстой.

-Наймдугаар сарын 11-нд салхи, бороотой байх эсэх цаг агаарын нөхцөл байдлаа тооцоолов уу?

-Цаг агаар харсан. Дажгүй байх гэж тооцоолсон. Нартай бас жаахан үүлэрхэг байх төлөв ажиглагдсан. Асгарсан их бороо биш бага зэргийн шиврээ бороо асуудал дагуулахгүй, гайгүй шүү.  

-Өмнө нь та 30 метр өндөр, 1000 метр урт утсан дээгүүр 12.55 минут гүйсэн гайхалтай амжилтыг үзүүлж байсан юм билээ. Энэ тухай сонирхолтой дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-2009 онд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тухайн тэмцээнд Хан мөрний дээгүүр татсан, 30 метр өндөр, 1000 метр урт утсан дээгүүр 12.55 минут гүйж, дөрөвдүгээр байрт шалгарч байлаа. Үүнээс өмнө 2005 онд Швейцар улсад, 30 метрийн өндөрт татсан, 120 метр урт утсан дээгүүр, шөнө нуруундаа салют бэхлэн алхсан. Мөн Германд циркийн барилга болон томоохон байгууламжийн хооронд татсан 15-30 метр өндөр, 40 метр урт, өгсүүр, чанга утсан дээгүүр гүйж байлаа. 2008 онд Швейцарын Үйркхайм тосгонд, 30 метр өндөр дээр, 80 метр урт утсан дээр явсан гээд тоочоод байвал их.

-ГИННЕСИЙН 22 УДААГИЙН АМЖИЛТ ЭЗЭМШИГЧ ФРЕДДИ НОКОД “УРУУ ТАТАГДАН” ӨНДӨР УТАСНЫ ҮЗҮҮЛБЭРТ ХҮЧ СОРИХ БОЛСОН-

-Дэлхийн хамгийн эрсдэлтэй спортын төрлөөр хэзээнээс эхэлж хичээллэх болов. Анх хэрхэн хөл тавьж байв?

-Спорт гэхээсээ илүү циркийн урлаг юм. Энэхүү урлагаас үүдэлтэй слак лайн гээд спорт гарчихсан хөгжиж байгаа. Тэр нь хоёр өндөр уулын хадны хооронд олс татаж байгаад явдаг бол бид ямар ч хамгаалалтгүйгээр явдгаараа ялгаатай. Би 2002 оноос эхлээдsky walk”, “high wire” буюу тэнгэрийн алхаа, өндрийн утсан дээр алхах үзүүлбэр хийж эхэлсэн. 2005 онд Швейцарын жүжигчин, Гиннесийн 22 удаагийн амжилт эзэмшигч Фредди Нокод “уруу татагдан” өндөр утасны үзүүлбэрт хүч сорих болсон л доо. Түүнээс өмнө нь акробатын жүжигчин байлаа. Бид жилд нэгээс хоёр удаа хөлбөмбөгийн нээлт, хотын баяр зэрэг арга хэмжээнүүдэд оролцож үзүүлбэрээ үзүүлцгээдэг байсан юм. Бид хоёрын хамтран ажиллах гэрээ дууссаны дараа Фредди Нокод Гиннесийн 22 удаагийн амжилт эзэмшигч болсон. Би 120 метрийн урттай, 30-35 метр өндөртэй олсон дээгүүр явсан байдаг.

-Тэгвэл спортын гимнастикаар хичнээн жил хичээллэж байна вэ?

-1987 онд буюу долоон настай анх спортын гимнастикаар хичээллэж эхэлсэн. Нэг удаа гимнастикаа тараад иртэл ээж маань хөтлөөд цирк рүү аваачаад оруулчихсан даа. Тухайн үед картын бараатай, амьдрал хэцүү байсан үе. Яг тэр үед циркээр дамжуулан гадаад гарах хамгийн өндөр боломжтой байлаа. Үүнээс үүдэж гимнастикийн тамирчид цирк рүү их урвасан даа. Ингээд 1991 оноос н.Батбаатар багшийнхаа дагалдан жүжигчнээр орж байв. Түүнээс хойш тасралтгүй 28 жил циркийн урлагаар явж байна. Дунд нь хоёр, гурван жил циркээсээ хөндийрч, орхисон удаа бий. Тэгж явахад хамтрагч маань “Энд нэг хамтран ажиллах гэрээ гараад ирлээ” гээд холбогдсон. Тухайн үед мартаад байсан цирктээ эргэн орж, “Би энэ мэргэжлээр явах ёстой юм байна. Намайг баяр баясгалантай болгодог зүйл энэ юм байна” гэдгийг ойлгож билээ. Хоёр жилийн өмнө бусдын адил гурван сарын визээр Солонгос улс руу гарч ажиллах хугацаандаа циркээс хөндийрсөн юм. Эргээд циркийн урлагтаа орох нь надад аз жаргал байсан.

-Тэнцвэрийн гайхамшиг юундаа байдаг вэ. Мэдээж биеийн жин хамгийн их хамаатай байдаг байх, тийм үү?

-Мэдээж биеийн жин хамгийн их хамаатай зүйл. Би хэвийн буюу 75-77 кг-тай байлгахын тулд хоолоо хорьж, жингээ байнга шалгах хэрэгтэй болдог. 80 кг гарчихвал биеэ дийлэхгүй хэмжээнд хүрчихнэ шүү дээ. Фредди бид хоёр гудамжинд явж байхдаа “Энэ хоёрын хооронд явбал чамд ямар гоё мэдрэмж төрөхийг төсөөл дөө” гэдэг юм.  Хаана ч явсан “Чи тэр хоёр байшинг хар даа” гээд л олс татаад алхаж болох байшин харж явцгаадаг. Тэнцвэрийн урлаг гэдэг үгээр тайлбарлаж хэлэхийн аргагүй, маш сонин мэдрэмж төрүүлдэг юм. Яг алхахын өмнө урт амьсгаа аваад, өөрийгөө тайвшруулах ёстой байдаг. Олсон дээр алхахын өмнө хэт нервтчихвэл явах боломж байхгүй болчихдог.

-ЕСӨН МЕТРИЙН ӨНДРӨӨС УНАСАН Ч, БЭРТЭЛ ГЭМТЭЛ АВААГҮЙ ТОХИОЛДОЛ БИЙ-

-Сэтгэл зүйгээ маш сайн бэлдэх ёстой байх нь. Таны хувьд олсон дээр гарахын өмнө яаж бэлддэг вэ?

-Ер нь тийм шүү. Хамгийн гол нь тайван байх ёстой. Усан дотор сандарвал живж, тайван байвал хөвдөгтэй яг адилхан. Залуу байхдаа их л сандардаг байлаа. Алганы хөлс гараад л, тайван зогсож чаддаггүй байсан. Харин үзэгчдийн өмнө гараад ирэхэд бүх сандрал алга болоод тайвширчихдаг. Одоо нас жаахан яваад ирэхээр сандрал дарагдчихсан байна.

-Олс нь хэр өргөн байх ёстой вэ?

-15-ийн тороос буюу долоовор хуруутай адилхан бүдүүн байдаг.

-Хэцүү зүйл олон тохиолдож байсан байх. Анх дөнгөж алхаж сурч айхад хэр их унаж, гэмтэж байв?

-Хэцүү шүү. Бүтэн нэг сар хөлийн ул өвдөх үе бий. Хөлөө хий гишгэж, гар алдан есөн метрээс унаж байсан. Энэ нь дөрвөн давхар байшинтай тэнцэхүйц хэмжээ юм. Гэхдээ би маш азтай. Ямар ч хугарал, бэртэл гэмтэл аваагүй. Дотуур цус алдалт байна уу гэдгээ шалгуулж хоёр хоног эмнэлэгт хэвтээд л гарч байлаа. Би дан ганц өндөр утсан дээр биш, “Үхлийн цагираг” гэх үзүүлбэр хийдэг. Түүнээсээ хоёр гурван удаа унаж байсан. /инээв.сурв/ Унадаггүй, бэртдэггүй циркчин гэж байхгүй байх. Миний бүх л амьдрал цирктэй холбоотой.

-Танай удамд циркчин хүн байв уу. Утсан явдаг үзүүлбэрээ хүүдээ заах юмсан, шавьтай болох юмсан гэсэн бодол мэдээж байдаг биз?

-Манай удамд циркчин хүн байхгүй. Утсан дээр явдаг үзүүлбэрээ хүүдээ сургах юмсан гэж боддог шүү. /инээв.сурв/ Гэтэл хүүгээс илүү охин маань хөдөлгөөнтэй юм. Хүүхдүүдээ циркийн сургуульд явуулна. Насанд хүрсэн хойноо циркээр явах үгүйгээ өөрөө шийдээсэй гэж боддог. Сонголтыг өөрсдөд нь үлдээнэ.  

-ҮЗЭГЧДИЙН АЛГА ТАШИЛТААС Л ХАМГИЙН ГОЁ ТААШААЛ АВДАГ-

-Монголд энэ төрлийн спортоор хичээллэдэг, олсон дээр явдаг хүн хэр олон бэ?

-Байхгүй, харин чанга утсан дээр үзүүлбэр үзүүлдэг хүмүүс дээр үед ч байсан, одоо ч байгаа. Слак лайныг урлаг болгон хийж байгаа нэг залуу бий. Энэ нь Монголын циркэд цоо шинэ нэг төрөл юм л даа.

-Бусдыг инээлгэж, айлгаж, баярлуулдаг циркчин хүн тайзан дээр өөрөө ямар мэдрэмж мэдэрдэг вэ?

-Үзэгчдийн алга ташилтаас л хамгийн гоё таашаалыг авдаг. Одоо бол Монгол циркчнээр ажиллах хэцүү. Циркийг хувьчилчихлаа. Томоохон бэлтгэл хийх ямар ч боломж байхгүй байна. Бэлтгэл хийх боломж, нөхцөл хомс ч гадаадын тэмцээнүүдэд амжилт гаргаад байгаа шүү. Шидэх банзны үзүүлбэрээр дэлхийд дээгүүр байр эзэлсэн амжилтыг Монголын циркчид үзүүлсэн байна. Хамгийн гол нь бэлтгэл хийх байр савны асуудал хойш татаад байгаа юм болов уу гэж бодогддог.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

-Миний гэргийг Ж.Солонго гэдэг. “Өнөөдөр” сонинд Урлаг, соёлын албаны сэтгүүлчээр арван жил ажиллаж байгаад одоо Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн магистртийн ангид суралцаж байна. Бид нэг хүү, хоёр охинтой.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа