ХОНГКОНГ: Дүүргүүдэд эсэргүүцлийн жагсаал намжихгүй байна

ХОНГКОНГ: Дүүргүүдэд эсэргүүцлийн жагсаал намжихгүй байна

Эсэргүүцлийн жагсаал өрнөх болсон шалтгаан нь гэмт этгээдийг шилжүүлэн өгөх хуулийг Хонгконгийн эрх баригчид олон долоо хоногоор хойшлуулсан ч жагсаал үргэлжилсэн хэвээр байгаа юм. 

Энэ жагсаал эхэлснээс хойш арлын эрх баригчид үүнийг буруушааснаас гадна Хонгконгийн тайван байдлыг үймүүлсэн үймээн таригчдыг хуулийн дагуу шийтгэнэ гэж мэдэгдсэн байна. Өчигдөр болсон жагсаалын үеэр Хонгконгийн цагдаагийнхан жагсаалд оролцсон 20 гаруй хүнийг баривчилжээ. Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид Хонгконгийн эрх баригчдыг хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн  энэ тусгай захиргааны аралд сөрөг хүчнийхний үүсгэсэн нөхцөл байдлаас нэг улс, хоёр системийг хамгаална гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн зургадугаар сараас хойш олон нийтийн дэг зурам зөрчсөн хэргээр нийт 420 хүнийг баривчилсан гэж Хонконгийн Цагдаагийн газраас мэдэгджээ. Хууль бусаар жагсаал зохион байгуулж, үймээн самуун дэгдээсэн, цагдаагийн биед халдсан, нийгмийн хэв журмыг зөрчсөн болон бусад гэмт хэрэгт холбогдуулан 16-74 насны 420 хүнийг баривчилсан аж.