Н.Энхболдын хүү нь БНХАУ-д консул, хүргэн нь БНСУ-д элчин сайдын зөвлөх хийж байна

Н.Энхболдын хүү нь БНХАУ-д консул, хүргэн нь БНСУ-д элчин сайдын зөвлөх хийж байна

Төрийн чухал албанд зөвхөн улстөрчдийн хүүхэд, хүргэн, бэр, хамаатан садан залардаг систем бий болсоор удаж байна. Сүүлийн хэдэн сар ялангуяа гадаадад монголыг төлөөлөн суух консулуудын томилгоо иргэдийн бухимдал, эгдүүцлийг төрүүлэх болсон. Тэнд ЖИНХЭНЭ ургийн мод ургуулсан томилгоонууд 2019 оны тавдугаар сарын 31-нд буюу хүүхдийн баярын өмнөх өдөр хийгдсэн юм.

Тодруулбал, Монгол Улсаас гадаад улсад суух 10 гаруй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан хэд хэдэн хүнийг шинээр томилсон. Тухайн томилгоо нь  төрийн ордонд суугаа хэдтэй ямар нэг байдлаар хамааралтай болж таарсан.

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Австрали улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү Н.Чимгүүндарь АНУ-ын Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжингийн элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар томилогдсон бол хүргэн Хашбаатар нь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон байдаг.

ГХЯ бол босго өндөр төрийн алба. Энэ ч утгаараа яамнаас эхлээд гадаад оронд байх Элчин сайдын яаманд хэний хүүхэд байхаас үл хамаарч ямар албан тушаалд очих цаашлаад үүний тулд хэчнээн жил ямар ямар албыг хашсан байх ёстой вэ гэдэг нь чухал. Гэтэл насаараа Гадаад хэргийн яаманд ном журмаар нь ажиллаж болзлыг нь биелүүдээд ч явж чаддаггүй дипломат албанд насаараа улс төрч байж, их хурлын суудалд суусан өвөө нарын хүүхдүүд, хамаатнууд төвөггүйхэн морьдсон дүр зураг харагдаж байна.  Энэ бол зөвхөн Гадаад хэргийн яам, димломат албанд бугшсан хөндүүр сэдэв биш. Албан тушаал гэдэг “удам дамждаг”, “өвлөгддөг” болсны хамгийн тод нэгэн жишээ юм. 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдохоосоо өмнө Дипломат ёслолын газрын дэд захирлаар ажилладаг байв. Ном журмаараа бол энэ албанд арван жил ажилласан хүн битгий хэл түүнээс ч олон жил "тогоондоо чанагдсан" дипломат ч амархан томилогдож чаддаггүй. Э.Одмөнх энэ албанд очихдоо Гуравдугаар нарийн бичгийн дарга байсан бөгөөд хамгийн ноцтой нь хоёр болон нэгдүгээр нарийн бичгийн дарга, мөн зөвлөх гэсэн албан тушаалуудыг алгассан байгаа юм.  Иймээс л дипломат албанд арван жил ч ажиллаагүй "хүүхэд" шууд л газрын дэд дарга болсон байна гэдэг нь анхаарал татаж буй.

Ийм учраас энэ томлогоог хэвлэлийнхэн онцолж, Н.Энхболд сайдаас "Энэ томилгоонд таны нөлөө орсон уу” хэмээн асуусан. Харин үүнд сайд, Намайг нөлөөлж хүү, хүргэнээ томилуулсан гэж байгаа хүмүүсээс очиж асуух хэрэгтэй. Манай хүргэн гэхэд аль дээр үед Хойд Солонгост хоёр ч удаа ажиллаад мэргэшсэн хүн  бий. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан. Миний хүү мэргэжлийн хүн. Яамандаа 10 гаруй жил ажиллаж байгаа. Ер нь яагаад томилогдож болохгүй гэж. Салбар яамандаа мэргэжлийн ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Би томилгоонд нөлөөлсөн зүйл байхгүй” хэмээн бухимдангуй хариулаад өнгөрсөн билээ.