ТОДРУУЛГА: УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр учраас АЖИЛГҮЙ БОЛОХ БАЙХ гэж бодоод гэрт нь гаргасан

ТОДРУУЛГА: УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр учраас АЖИЛГҮЙ БОЛОХ БАЙХ гэж бодоод гэрт нь гаргасан

Шадар сайд С.Амарсайханы хадам аав, ээж коронавирусийн халдвар авч хэдэн өдрийн өмнө ХӨСҮТ-д хүргэгдсэн байна.

Жич, Хувь хүний нууцын тухай хуулийн 2.2 –д “эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг ойлгоно” гэж заасан байдаг болно.

-Ч.ИЧИНХОРЛОО ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ӨДРӨӨ ЭМНЭЛЭГТ ИРСЭН УЧРААС БИЕ НЬ ТААГҮЙ БАЙСАН-

Улмаар тэдний охин Ч.Ичинхорлоо (Шадар сайд С.Амарсайханы эхнэр)  сахиураар ХӨСҮТ-ийн “улаан бүс” рүү хамт орсон ч эмнэлгийн орчин нөхцөлийн голж нэг хоноод, гэртээ гарсан гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Тодруулбал, коронавирусийн халдвартай иргэд хэвтэн эмчлүүлж байгаа ХӨСҮТ-ийн “улаан бүс” рүү нэвтэрсэн иргэн тус эмнэлэгт 14 хоног тусгаарлагдах ёстой. Гэтэл Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо улаан бүсээс шууд гэртээ гарсан нь олны шүүмжлэлд өртөөд буй юм.

Өчигдөр/2021.03.31/ Шадар сайд С.Амарсайханыг Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчид энэ талаар түүнээс тодруулахад, тэрээр цочирдон хүлээн авч, сандран тодорхойгүй хариулт өгсөн юм. Тэрбээр “Халдвар хамгааллын дэглэмээ сахиад явсан. Мөн шинжилгээгээ өгсөн, сөрөг гарсан. Үүнд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй учир эрсдэлтэй зүйл байхгүй. Сахиураар очсон. Өөрөө вакцин хийлгээд урвал өгсөн учраас тусгаарлагдсан. Шинжилгээ өгтөл хариу нь сөрөг гарсан учраас одоо ХӨСҮТ-тэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй” гэсэн хариултыг өгсөн.

ҮЗЭХ: 

-ХӨСҮТ-ИЙН ЭХ СУРВАЛЖААС БИД ЭНЭ ТАЛААР ТОДРУУЛЛАА-

Тус мэдээллийн дараа бид ХӨСҮТ-ийн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Уг үйл явдал болсон нь үнэн. Шадар сайд С.Амарсайханы эхнэр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо аавыгаа сахихаар энэ сарын 28-ны өдөр ХӨСҮТ-д ирж “улаан бүс”-рүү орсон. Гэтэл нэг хоноод эмнэлгийн орчин нөхцөлийг голж гэртээ гарна гэж хөөцөлдсөөр байгаад гарсан. Угтаа бол “улаан бүс” рүү орсон бол эмнэлэгт 14 хоног тусгаарлагдах ёстой. Гэтэл гарна гэж зөрсөөр байгаад гарсан. Бид маш их гайхаж анхааруулж хориглосон.

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдын эхнэр учраас гаргахгүй бол ажилгүй болж мэднэ гээд л эмнэлгээс гаргасан. ХӨСҮТ-д сахиураар ирдэг өдрөө вакцин хийлгээд шинж тэмдэг илрээд бие нь таагүй байсан нь бас нөлөөлсөн юм шиг байна лээ. Аав, ээж хоёр нь өөр, өөр өрөөнд хэвтэн эмчлүүлж байна. Эмчилгээ хийгдэж байгаа. Ч.Ичинхорлоо өөрийнхөө оронд дүүгээ сахиураар оруулаад гарсан” гэсэн юм.

ХӨСҮТ-ийн “Улаан бүс” рүү нэвтэрсэн иргэн халдвар авах магадлал маш өндөр. Иймд Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо халдвар авснаа мэдэлгүй нууц үедээ бусдад халдвар тараавал яах вэ гэсэн эрсдэл гарч байгаа юм. Нөгөөтэй энэ бол коронавирусийн халдвартай холбоотой дэглэмийг албан тушаалтан, эрх мэдэлтнүүд мөрддөггүй хууль, журам мөрддөггүй жишээ юм.

Мөн Шадар сайд С.Амарсайханыг огцруулах үндэслэл ч болж болзошгүй юм. Учир нь Ч.Ичинхорлоо ийнхүү дэглэм зөрчсөн нь түүний гэр бүлийн хүний ч нөлөө байж болзошгүй юм.