​В.Путин есдүгээр сарын эхээр Монголд айлчилна

2019-08-07 11:58

​В.Путин есдүгээр сарын эхээр Монголд айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчлахаар болжээ.

Тэрээр ирэх есдүгээр сарын эхээр Монгол Улсад айлчлах бөгөөд одоогоор хэдэн өдрийн айлчлал, ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Зөвлөлт-Монголын цэргүүд Халх голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тойхиолдуулан намар Монгол Улсад айлчлахыг урьсан аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид Халхын голын ялалтын 80 жилийн ойг орос нөхөдтэйгөө хамт тэмдэглэнэ. Энэ нь манай улсын хувьд маш чухал үйл явдал. Монгол, Оросын дайчид мөр зэрэгцэн, манай эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамтдаа хамгаалсныг бид хэзээ ч мартаж болохгүй. 80 жилийн ойн баяраар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх ёстой. Маш олон арга хэмжээ төлөвлөсөн бий. Мөн Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцох урилга Ерөнхийлөгч В.Путинээс ирсэн. Би баяртайгаар хүлээн авсан. 2020 оны баярын арга хэмжээнд манай Зэвсэгт хүчин оролцох боломжтой. Орос нөхөд минь тусалж, дэмжинэ гэдэгт найдаж байна” хэмээжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг Монгол Улсад айлчлахыг Кремль үгүйсгээгүй. “Ийм айлчлалыг судалж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг нэмэлт байдлаар мэдээлнэ” хэмээн ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн алба ТАСС агентлагт мэдээлжээ.

2019-08-07 11:39

Халх гол шинэ сумын нээлт есдүгээр сарын эхээр болно

Халх голын байлдааны түүхэн ойн хүрээнд “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил ид өрнөж 80 хувьтай үргэлжилж байна. Ирэх есдүгээр сарын 30 хүлээлгэж өгөхөөр өнгөрөгч дөрөвдүгээр сард эхэлсэн энэхүү томоохон бүтээн байгуулалтыг ОХУ-ын "Роснефть" компанийн 8 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ.

“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж барьж байна.

Түүнчлэн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгжийн барилгыг дулаанаар хангах гурван уурын зуух шинээр барьж байгаа юм.

Барилгын ажилд "Их модун" ХХК, Зэвсэгт хүчний 138, 110-р барилгын цэргийн ангийн алба хаагчид, сумын иргэд зэрэг 500 гаруй хүн гар бие оролцож байгаа ажээ. Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай Халхгол суманд газар тариаланг хөгжүүлж, хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн гаргах боломж бий болно.

Эрхүү мужаас бэлэглэсэн ОХУ-ын маршал Г.К.Жуковын дөрвөн метр өндөр морьт хөшөө Халхгол суманд сүндэрлүүлжээ.  

2019 оны есдүгээр сарын 3-нд Халх голын байлдааны түүхэн 80 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. Энэ үед шинэ сумын бүтээн байгуулалт дуусч, үйл ажиллагаа нь жигдрэх байх гэсэн хүлээлтэй байгаа юм.

Түүхэн ойн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүрэлцэн ирж оролцох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд урилгаа хүлээн авчээ.

Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов хэлэхдээ, “Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярт хүрэлцэн ирэх урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авсан. Халхгол сумыг шинэчлэх санааг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж, өнгөрсөн оны есдүгээр сард Владивостокт болсон уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулсан. Энэ санааг манай тал ихэд дэмжсэн” хэмээн мэдэгджээ.