ЧУУЛГАН: Өнөөгийн санхүүгийн загвараар явбал бид Оюу толгойгоос 2039 он хүртэл өгөөж хүртэхгүй

ЧУУЛГАН: Өнөөгийн санхүүгийн загвараар явбал бид Оюу толгойгоос 2039 он хүртэл өгөөж хүртэхгүй

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн мэдээллийг гишүүдийн олонх болон УИХ-ын дарга нээлттэй явуулах саналтай гаргалаа. Яг одоо “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” хэрэгжилтийн ажлыг нээлттэй хэлэлцэж байна.

Энэ талаарх мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр “Оюутолгой компани 2020 онд ил уурхайгаас 1,1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. 2020 онд ил уурхайгаас 149 мянган тонн зэсийн баяжмал, 182 мянган тонн алт экспортоор гаргасан. Оюу толгой төсөлд нийт 12 мянган хүн ажиллаж байна. Үүний 93 хувь нь Монгол ажилчид байна. Оюутолгой ХК нийтдээ 11 тэрбум ам.долларын өртэй бөгөөд үүнээс 4,4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн зээлийг Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээлтийн босголт Хөгжлийн банк тэргүүтэй 20 орчим санхүүгийн байгууллага, компаниас авсан байна.

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зардал анх 5,3 тэрбум доллар гэж тооцоолж байсан боловч энэ хугацаа 22 сараар хойшилсон. Зардал нь нэг тэрбум 450 сая ам.доллар болж 30 хувиар өссөн. Далд уурхайн нийт зардал 6 тэрбум 750 сая ам доллар байхаар тооцоо гарсан.

Би энэ тоонуудыг дурдаж буй нь өгөөжийг яаж тооцох талаар ярих гэсэн юм. 92 дугаар тогтоолын гуравдугаар заалтаар үр өгөөжийг яаж тооцох вэ гэдэг асуудлыг ажлын хэсэг өөрөө боловсруулж их хуралд оруулах хэрэгтэй. Би ажлын хэсэг дээр үүнийг ярилцаж ажиллаж байгаа. Яг энэ өнөөгийн санхүүгийн загвараар явбал бид 2039 он хүртэл өгөөж хүртэхгүй” гэв.

Түүнчлэн тэрбээр “хөрөнгө оруулагч тал Лондоны арбитрын шүүхийн маргаанаа түр хойшлуулъя гэдэг саналаа өчигдөр Монголын талд тавьсан. Монголын тал үүнийг хойшлуулахгүй гэдэг саналаа хуулийн фирмд явуулсан. Дубайн гэрээг цуцалж хэлэлцээр хийж байхаар сөрөг нэхэмжлэл гаргая гэдгийг ажлын хэсэгт ярьж байгаа. Бид хэлэлцээр хийх үү, сөрөг нэхэмжлэл гаргах уу гэдэг чиглэлийг УИХ тодорхой өгөх ёстой. УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд ажил гэвэл хэлэлцээр хийнэ. Лондоны Арбитрын маргаанд ялах бүх нөхцөл боломжоо хангаж ажиллаж байна. Мэдээллийг хуулийн компанид цаг алдалгүй өгч байгаа. Дубайн гэрээнд бид ямар нэгэн нөхцөл тавихгүй” гэлээ.