Лэди Гагагийн нохой салхилуулагч залуу уушгиа тайруулжээ

Лэди Гагагийн нохой салхилуулагч залуу уушгиа тайруулжээ

Өнгөрсөн хоёрдугаар сард дэлхийн поп од Лэди Гагагийн хайртай хоёр нохойг үл мэдэгдэх этгээд Холливүүд дэх гэрийнх нь ойролцоогоос хулгайлсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Тодруулбал, нохойг нь салхилуулж явсан залууг гэмт этгээдүүд хагас автомат буугаар буудаж, шархдуулаад франц бульдог үүлдрийн Кожи, Густав нэртэй хоёр нохойг нь авч явсан юм.

Тухайн үед нохой салхилуулагч залуугийн бие хүнд байсан тул яаралтай эмнэлэгт хүргэгдэж, Лэди Гага ч хоёр нохойг нь буцааж өгсөн хүнд $500 мянгын мөнгөн шагнал өгөхөө амлаад байсан. Харин цээжиндээ буудуулсан нохой салхилуулагч залууг Райан Фишер гэдэг бөгөөд сумны шархнаасаа болж уушгиа тайруулжээ. Тэрбээр сар гаруйн хугацаанд эмнэлэгт эмчлүүлээд гарч байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн байна.

Хэргийн дараа дуучны нохдыг нэгэн үл таних эмэгтэй цагдаагийн газарт авчирч өгсөн бөгөөд Лэди Гага тус эмэгтэйг “баатар” хэмээн өргөмжилж байсан юм. Сүүлийн үед тус улсад өндөр үнэ хүрдэг франц бульдог үүлдрийн нохойг ашиг олох зорилгоор хулгайлж үржүүлэх гэмт хэрэг түгээмэл гардаг болсон бөгөөд ихэвчлэн 20-25 орчим насны залуучууд дээрх гэмт хэрэг холбогддог байна.