Ногоон бүсээс ирэх иргэдийг асуумж бөглүүлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлнэ

Ногоон бүсээс ирэх иргэдийг асуумж бөглүүлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлнэ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр /2021.04.02/ цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга дэд хурандаа Б.Дуламсүрэн мэдээлэхдээ "Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг УОК-ын хуралдааны шийдвэрийг үндэслэн гаргасан нийслэлийн засаг даргын /2021.03.27/ өдрийн А/21  дүгээр захирамжийн дагуу зохицуулан ажиллаж байна.

Энэ сарын 1-ны өдрөөс тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдийг долоо хоног тусгаарлана. Өмнө нь ирсэн иргэдийг арван хоног тусгаарлана. Мөн хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн хангах зорилгоор Өмнөговь, Дорноговь аймаг руу буяны ажил болон хүнс, шатахуун тээвэрлэлт, уул уурхайн ээлж, солилцох ажилчдын хөдөлгөөний зөвшөөрлийг тус аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэж, УОК-ын шуурхай штабаас олгохоор болж байна.

Улаанбаатарт халдваргүй ногоон бүсээс ирж байгаа иргэдийг асуумжаар, “улаан бүс”-ээс ирж буй орон нутгийн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч нэвтэрнэ. Учир нь улаан түвшинд шилжсэн аймгууд PCR-ын лабораторигүй. 

Нийслэлийн ойр орчим Багануур, Багахангай, Налайх, Хан-уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо Сонгинохайрхан дүүргийн 21, 32, дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн иргэний үнэмлэхнийн гэрийн хаягийг үндэслэж, нэвтрүүлнэ. Мөн аж ахуйн нэгж байгууллагын ажилчдыг тухайн байгуулагынхаа ажилчдын тусгай зөвшөөрөл буюу ажлын байрны тодорхойлолт, ажлын үнэмлэхийг үндэслэж асуумжаар нэвтрүүлнэ.Зөвхөн хүндэтгэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээ тухайн аймгийн шуурхай штабаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргана" гэлээ. 

П.БАТДАЛАЙ