Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарыг Л.Оюун-Эрдэнэ огцруулах уу

Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарыг Л.Оюун-Эрдэнэ огцруулах уу

Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн улаан бүс рүү нэвтэрч, тус эмнэлэгт халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй аав, ээж хоёрынхоо сахиурар ороод, төд удалгүй тус бүсээс гарч нийгмийн харилцаанд орсон байж болзошгүй байгаа юм. 

Учир нь тэрээр Шадар сайд С.Амарсайханы гэргий тул ажилгүй болно гэж ХӨСҮТ-ийнхөн болгоомжилж эмнэлгээс гарахыг нь зөвшөөрсөн талаар эх сурвалжууд мэдээлж буй. Харин энэ талаар С.Амарсайхан мэдээлэл хийх үеэрээ “би албан тушаалтай зууралдах хүн биш” гэж мэдэгдсэн юм.

Иймд С.Амарсайханыг Шадар сайд, УОК-ийн даргын үүрэгт ажлаа өгөхийг зарим иргэд шаардаж эхэлсэн байна. 

Харин энэ долоо хоногт Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн ангид салаан дарга, дэслэгч 25 настай Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 21 настай Б-ийг зодож, амь насыг нь хохироосон. Мөн тус хэрэг явдлаас өмнө цэргийн алба хаагч амиа алдсан, хугацаат цэргийн алба хаагчдыг ёс бусаар дэглэсэн гэх мэдээлэл ч гарсан юм. Иймд энэхүү үйл явдалтай холбогдуулж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг үүрэгт ажлаасаа огцрохыг шаардаж эхэлсэн байна. Харин танхимын сайд нарыг огцруулах нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрхийн асуудал юм. Учир нь 2020 оны тавдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд дангаараа шийдэх юм.