БАРИМТ: Д.Үүрийнтуяа захирал Эрдэнэт үйлдвэрээс 79 сая төгрөг гаргуулж, байрандаа засвар хийлгэсэн үү

БАРИМТ: Д.Үүрийнтуяа захирал Эрдэнэт үйлдвэрээс 79 сая төгрөг гаргуулж, байрандаа засвар хийлгэсэн үү

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд улсын мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа гэх мэдээлэл сүүлийн хэдэн сар олны анхааралд ороод байна. Тухайлбал, “Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая гаруй төгрөгийг тус үйлдвэрээс төлүүлсэн. Мөн Х.Бадамсүрэнгийн хэрэгцээнд зориулж 512 сая төгрөгийн үнэтэй "Мерседес-Бенз G-class" загварын автомашины тендер зарласан. 

Цаашлаад тус үйлдвэр 159 сая төгрөгийн үнэтэй Италийн тансаг зэрэглэлийн алтан чимэглэл бүхий ширээ, шүүгээ худалдан авсан зэрэг мэдээллүүд нь “Улсын мөнгөнд тус үйлдвэрийн удирдлагууд үрэлгэн хандаж байна” гэх шүүмжлэлийг иргэдийн дунд төрүүлээд буй. 

Харин энэ талаар Л.Оюун-Эрдэнэ сайд “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад сануулах арга хэмжээ авсан” гэж мэдэгдсэн юм. Товчхондоо, тэдний энэ бүх хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг Засгийн газраас “толгойг нь илээд өнгөрсөн” гэж ойлгож болно. Мөн Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны ноцтой мэдээллийг олон нийтэд дэлгэж байсан ЗТХЯ-ны дэд сайд асан, МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл буюу “шилэн Цогоо” ч энэ талаар дуугарахаа больсон. 

Аж ахуй үйлчилгээний цехийн орон сууцны хэсгийн 2-р хороолол 8-р байр

-7, 8, 9 ТООТ ОРОН СУУЦАНД ЗАСВАР ХИЙХ ТӨСВИЙГ Д.ҮҮРИЙНТУЯАГИЙН НӨХӨР Д.ТАМИР БАТАЛСАН УУ-

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг эрх барьж буй улс төрийн нам, нөлөө бүхий улс төрчийн ашиг сонирхлын үүднээс томилдог гэж иргэд хардах нь бий. Харин тус үйлдвэрийн зарим удирдлагууд өнөөдөр “зах зээлийн үнээс хэт өндөр өртөг”-тэй орон сууцанд амьдарч байна гэж шүүмжлүүлж буй. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар нарын байрны түрээсэнд Эрдэнэт үйлдвэрээс сар бүр 6-12 сая төлдөг байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл өнгөрөгч онд Эрдэнэт үйлдвэрээс 79 сая гаруй төгрөг гаргаж “Аж ахуй үйлчилгээний цехийн орон сууцны хэсгийн 2-р хороолол 8-р байрны 7, 8, 9 тоот”-ыг засуулсан байгаа юм. Товчхондоо тус гурван тоотыг нэг айл амьдрах зориулалттай болгон тохижуулсан байдаг байна. Харин энэхүү орон сууцанд Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа амьдардаг байж болзошгүй байгаа юм. Цаашлаад тухайн тоотод засвар хийх төсвийг Д.Үүрийнтуяагийн нөхөр Д.Тамир гэх эрхэм баталжээ. 

Д.Үүрийнтуяагийн нөхөр Д.Тамир нь 2019 оны дөрөвдүгээр сард Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зураг төсвийн төвийн даргаар томилогдсон байна. Өөрөөр хэлбэл Д.Тамир төсөвт өртгийг гаргаад  эхнэр Д.Үүрийнтуяа гэрээг нь зурдаг гэсэн үг. Энэ нь “Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг зөрчиж байгаа үйлдэл гэж эх сурвалжууд мэдээлжээ. ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ҮЙЛДЛИЙГ ХАРААД СУУСААР БАЙСАН УУ-

Гэтэл 79 сая төгрөгөөр орон сууц завсарлах нь битгий хэл тус мөнгөөр нэг өрөө орон сууц ч худалдан авахад хангалттай мөнгө ажээ. Учир нь Эрдэнэт хотод нэг өрөө 40m2 байр өнөөдөр 75 сая төгрөгийн үнэтэй байна. Д.Үүрийнтуяа нь Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоосоо өмнө буюу 2014-2016 онд  “Сод монгол групп” ХХК-д Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Улмаар тус үйлдвэрийн орлогч захирал болсныхоо дараа хуучин байгууллагаасаа 85.9 тэрбумын худалдан авалт хийсэн гэх шүүмжлэлд өртөж байв. Сод монгол групп нь Булган аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Ананбазарын компани билээ. 

Сонирхуулахад, Х.Бадамсүрэнгийн нэгдүгээр орлогчоор Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нар ажилладаг байна. Онц байдал гэх Л.Оюун-Эрдэнийн сүржигнэлийн цаана Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын тансаглал, тендергүй шууд худалдан авалтууд, ашиг сонирхлын зөрчлүүд үүссэн байж болзошгүй байна. Энэ мэтийг мэдээд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгээс зугтсан юм биш биз.  

Үргэлжлэл бий ...