СУРВАЛЖИЛГА: Ой зургаан сартай хүү шар усны үерт урсаж амиа алджээ

СУРВАЛЖИЛГА: Ой зургаан сартай хүү шар усны үерт урсаж амиа алджээ

Өнгөрөгч гуравдугаар сарын 26 –ны өдрийн 14:50 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрхан хэсгийн 63 дугаар гудамжны дугаар тоотод аав, ээж, ах, эгчийн хамт амьдардаг ой зургаан сартай хүү хашааныхаа хаалгыг онгойлгож гараад шар усны үерт урсаж амиа алдсан, харамсалтай хэрэг гарсан юм. Иймд бид хэрэг гарсан газрын нөхцөл байдлыг тодруулахаар тус газрыг зорив. 

-ШАР УСНЫ ҮЕРТ ХҮҮХЭД ДАХИН ЭНДЭХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА-

Явган хүн болон автомашин явах нөхцөлгүй намаг, балчир, шавартай, хажуугийн уулнаас шар усны үер байнга буудаг гэх "Баянхайрхан” хэсгийн 1-90 дүгээр гудамжинд олон айл амьдардаг юм байна. Өөрөөр хэлбэл, энэ хэсгийн айлууд Баянхайрханаас урсах булгийг дагаж нутагладаг гэсэн үг. 

Баянхайрхан хэсгийн орчим 2021.04.02

Сүүлийн өдрүүдэд гадаа дулаарч, цас хайлж, горхи, урсаж эхэлсэн тул усны тэрэг түрэх нь битгий хэл явган хүн ч явах аргагүй болтлоо баянхайрхан хэсгийн 1-90 дүгээр гудамжнууд шавар шавхайтай болжээ. Иймд булгийн эрэг дагуу суурьшсан айл болгон л хашааныхаа үүдэнд гүүр тавьсан байв. Мөн бидний мэдээлэл бэлтгэн явах зуур Баянхайрхан хэсгийн 62, 63 дугаар гудамжны оршин суугчид “Үерээс хамгаалсан даланг яаралтай босгох хэрэгтэй. Шар усны үерт дахин хүүхэд эндэхгүй гэх баталгаа алга” гэж бидэнд учирлаж байв. 

Баянхайрхан хэсгийн орчим 2021.04.02

-НЯЛХ ХҮҮХДЭЭ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ОРХИСОН ААВ, ЭЭЖИЙН БУРУУ ШҮҮ ДЭЭ-

Мөн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны зохион байгуулагч С.Сүхцоож хэвлэлд өгсөн тайлбартаа “Баянхайрхан хэсэгт амьдарч байгаа айлууд голын ай сав газарт амьдардаг ч  газрын гэрчилгээтэй. Ийм учраас аюулгүй байдлыг нь хангах үүднээс далан босгож байгаа. Газрын гэрчилгээг дүүргийн Газрын албанаас олгосон.  Хүүхэд нь эндсэн айлын хашааны урд талаар горхи урсдаг. Горхи гатлах зориулалтаар гүүр тавьсан байсан чинь хүүхэд нь унаад амиа алдчихсан. Нялх хүүхдээ хараа хяналтгүй орхисон аав, ээжийн буруу шүү дээ” гэжээ. Иймд улсын төсвийн хөрөнгөөс Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрхан хэсгийн орчимд яаралтай шар усны үерийг холдуулах, далан босгох шаардлага үүсжээ. 

Баянхайрхан хэсгийн орчим 2021.04.02

-ШАР УС УРСАЖ БАЙГАА УЧРААС ХҮҮ МИНЬ СОНИРХООД ОРЧИХСОН БАЙХ-

Харин амиа алдсан хүүгийн аав хэвлэлд өгсөн тайлбартаа “Манайх энд амьдраад таван жил болж байна. Газрын гэрчилгээтэй тул хашаандаа тухтай амьдрах гээд байшин барьсан. Манайх нэг охин, хоёр хүүтэй айл байсан юм. Эхнэр, бид хоёр ажилтай учраас хүүхдүүд маань эзэнгүй үлддэг. Гэхдээ том охин маань дүү нараа харах хэмжээний насанд хүрсэн. Бага хүүг маань хашааныхаа үүдэнд усанд осолдсон талаар хажуу айлын хүн өнгөрсөн баасан гарагийн 15:00 цагийн үед ярьсан. Хүүгийнхээ талаар сонсоод л ухаан алдчихсан байна лээ. Хүүгийн минь цогцсыг Онцгой байдлын алба хаагчид ирж гаргасан гэсэн байх. Саяхнаас л булаг гэсэж, шар ус урсаж байгаа учраас хүү минь гол руу сонирхоод оччихсон байх” хэмээжээ.