Аравт олон улсын цэргийн наадам үргэлжилж байна

Аравт олон улсын цэргийн наадам үргэлжилж байна

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадам тав дахь жилдээ Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн “Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд ОХУ, Монгол, Киргиз, Казахстаны баг оролцож байгаа бөгөөд тэмцээний эхний төрөл болж, багууд барианд оржээ. Төв аймгийн нутаг Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд нээлтээ хийж, тэмцээнийг эхлүүлсэн “Аравт”-ын оролцогчид өчигдөр эхний даваагаа давлаа.

Алсын зайн морин маршийн уралдаан наймдугаар сарын 4-д Казахстан, Киргизийн багийн өрсөлдөөнөөр эхэлсэн бөгөөд өчигдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид барианд оржээ. Энэхүү уралдаан бартаа саад бүхий 130 км зайд болж, дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэсэн.

Сугалаа ёсоор сүүлд гараанд гарсан Монгол, ОХУ-ын багийн оролцогчид ширүүн бороонд даалгавраа гүйцэтгэж, цэргийн албан хаагчдын тэсвэр хатуужлаа давхар шалгалаа.

“Аравт” олон улсын цэргийн наадам өнөөдөр богино зайны холимог буухиагаар үргэлжилж, энэ сарын 10-д өндөрлөнө.