Б.Нандинцэцэг: Нөхрийн маань тархины суурь яс нь хугарч,  бяцарч, дух нь цөмөрсөн

Б.Нандинцэцэг: Нөхрийн маань тархины суурь яс нь хугарч, бяцарч, дух нь цөмөрсөн

Олимпын аварга Н.Түвшинбаяр, Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, гэмтээсэн байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин одоогоор өсөх идэр начин Э.Энхбат ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өчигдөр болсон үйл явдлын талаар болон өсөх идэр начин Э.Энхбатын биеийн байдлыг эхнэр Б.Нандинцэцэг хэвлэлд ярилцлага өгч мэдэгдлээ. 

Тэрбээр “Манай гэр бүлийн найз н.Хосбаяр гэх залууг Н.Түвшинбаяр хоёр, гурван жилийн өмнө яг ингэж ямар ч шалтгаангүйгээр зодсон. Түүнийг харсан, мэдсэн хүмүүс ч олон бий. Намайг 22:00 цагийн үед очиход нөхөр маань ухаангүй байсан. Н.Түвшинбаярын гар цус болчихоод сууж байсан юм. Гэтэл миний өмнөөс юу ч хэлж чадаагүй. Надад тэр үед зураг авах, бичлэг хийх сэхээ байгаагүй.

Нөхрийн маань н.Тулга гэж 60 орчим настай ах байдаг. Тэр ах нөхрийг маань авахаар коридороор явж байхад нь Н.Түвшин “Чи муу минь хэнийг авах гэж байгаа юм” гэснээ хагалгаанд ороод удаагүй байгаа газарт нь цохисон. Нөхөр маань эмнэлэгт очсоноосоо хойш шокноосоо гарч чадахгүй “Түвшинбаяраа одоо боль л доо. Больчихооч дээ” гээд хашхираад байсан. Дөрвөн бөх залуу дарж, барьж байсан ч тариаг нь хийлгэх гээд чадаагүй.

Сая сэхээн амьдруулах тасгийн эмчтэй нь уулзахад “Танай хүн маш хүнд өвчтөн” гэсэн. Нөхрийн маань тархины суурь яс нь хугарч, яс нь бяцарч, дух нь цөмөрсөн, цус хурсан гээд хоёроос дээш хавсарсан бэртэл, гэмтэл авсан гэсэн. Гэтэл Н.Түвшинбаяр өчигдөрхөн л зүв зүгээр байсан хүн эмнэлэгт хэвтэж, жүжиг тавьж байна. Тэрний тэгж жүжиглэж байгааг олон нийтэд мэдэх л болно” гэв.

Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодсон байж болзошгүй уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс үргэлжүүлэн шалгаж байна. Мөн Н.Түвшинбаярыг 72 цагийн хугацаатай саатуулна гэх мэдээлэл байгаа юм. 

ҮЗЭХ: