Байлдагч Б амиа алдсан тул захирагч С.Батболд тэтгэвэртээ гарч, Баянхонгорын генерал хариуцлага хүлээлгүй үлджээ

Байлдагч Б амиа алдсан тул захирагч С.Батболд тэтгэвэртээ гарч, Баянхонгорын генерал хариуцлага хүлээлгүй үлджээ

Гуравдугаар сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн Ням гарагт Хан-Уул дүүргийн XII  хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Д.Гялбуужамц гэгч нь тус ангийн байлдагч 21 настай Б-ээс “мөнгө, архи нэхэж” улмаар зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

-ЦЭРГҮҮДЭЭС МӨНГӨ НЭХЭЖ АВАХ БАЙДАЛ 326 ДУГААР АНГИД “ХЭВШИЛ” БОЛСОН БАЙЖЭЭ-

Хэрэг гарах үеэр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн зарим удирдлагууд марш тактикийн тэмцээний бэлтгэл хийхээр Тавантолгойн цэргийн анги руу явцгаасан, мөн ангийн захирагч С.Батболдын үүрэг гүйцэтгэгчээр үлдсэн алба хаагч эрт гэр рүүгээ явсан нь тус анги удирдлагагүй болж, хяналт суларсан тул ангийн дэслэгч нар цэргийн ангидаа архидан согтуурч, дээрх харамсалтай хэрэг явдал гарсан гэж буй. Мөн тус ангийн зарим алба хаагчид цэргүүдээс мөнгө нэхэж авдаг байжээ. Тодруулбал, тус хэргийг шалгаж байгаа Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчид байлдагч нар мэдүүлэг өгөхдөө “Манай ангийн дарга нар биднээс мөнгө байнга нэхэж дарамталдаг байсан. Түүнээс болж цэргүүд дарамтад орж, хэнээс хаанаас яаж мөнгө авч, дарга нарын дансанд оруулах вэ гэж шаналдаг болсон. Нэр бүхий дарга нарын дансанд байнга 10-20 мянга, зарим үедээ 50 мянган төгрөг хүртэл хийж байсан тохиолдол бий. Бидний өгсөн мөнгөөр архи авч уудаг байсан байх” гэх утга бүхий мэдээлэл өгсөн байгаа юм.

Мөн амиа алдсан байлдагч Б нь хэрэг гардаг өдөр сандарч, тэвдсэн байдалтайгаар ахтайгаа утсаар холбогдож “Ах аа, та над руу яаралтай 60 мянган төгрөг явуул” гээд утсаа тасалсан гэж түүний ээж мэдэгдэж буй.

Иймд цагдаагийн байгууллагаас Д.Гялбуужанцангаас эхлээд салаан дарга И.Энхтөгс тэргүүтэй 20 гаруй хүний хувийн дансыг шалгаж эхэлсэн байгаа юм. Гэтэл цэргүүдээс мөнгө нэхдэг байдал нь тус ангид “хэвшил” болсон байжээ. Мөн нэр бүхий 10 гаруй офицерууд нь цэргүүдээс нийт 3 сая орчим төгрөгийг авсан илэрсэн байна. Иймд өнгөрөгч баасан гарагт тэдний дөрвийг нь ажлаас нь чөлөөлж, үлдсэн офицеруудыг өөр анги, салбарууд руу хуваарилжээ.

-ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ЭНХСАЙХАНЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ, 326 ДУГААР АНГИЙН ЗАХИРАГЧ С.БАТБОЛДЫГ ТЭТГЭВЭРТ ГАРГАЖ, ГЕНЕРАЛУУД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ БАЙНА-

Мөн байлдагч Б зодуулж амиа алдсан явдлын талаар Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг мэдээлэл хийсэн. Тэрээр “Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа С.Батболдыг албан үүргээс нь чөлөөлөв. Мөн хэрэг гарсан өдөр ажиллаж байсан Зэвсэгт хүчний Хуурай цэргийн командлалын тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор ажиллаж байна” гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл 326 дугаар ангийн захирагч С.Батболдод ямар ч шийтгэл оногдуулалгүй, түүнийг тэтгэвэрт нь гаргасан байж болзошгүй байна. Тодруулбал, тэрээр 36 сарын тэтгэмжээ аваад тэтгэвэртээ гарчээ. Үндсэндээ түүнд сахилгын хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх ёстой байтал тэгээгүй бололтой.

Харин Зэвсэгт хүчний Хуурай цэргийн командлалын хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Д.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Учир нь Б-ын амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдоод буй Д.Гялбуужамц өмнө нь нэг бус удаа сахилгын зөрчил гаргаж байсан төдийгүй зэвсэгт хүчнээс халах тушаалын төсөл гуравдугаар сарын эхээр боловсруулаад байсан гэх мэдээлэл бий. Иймд Д.Гялбуужамцыг ажлаас нь чөлөөлөөгүй гэх үндэслэлээр Д.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Гэтэл Д.Гялбуужамцыг хувийн өргөдлийг нь бичүүлээд явуулъя гэж 326 дугаар ангийн захирагчС.Батболд түр хойшлуулаад байсан байж болзошгүй байгаа аж.

Товчхондоо, 326 дугаар ангийн байлдагч Б амиа алдсан явдалд ЗХЖШ-ын орлогч дарга Ц.Жавхланбаатар мөн Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар хариуцлага хүлээлгүй үлдэж байгаа бололтой. Учир нь дээрх албан тушаалтнууд цэрэг болоод байлдааны цэргийн ангиудыг хариуцдаг байтал, уучлалт гуйж мэдээлэл хийлгүй, тэдний өмнөөс ЗХЖШ-ын газрын дарга С.Дашзэвэг нарын хүмүүс мэдээлэл хийсэн байж болзошгүй байгаа юм. Сонирхуулахад, ЗХЖШ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн удирдлагад байдаг бөгөөд Батлан хамгаалах яам нь иргэний хяналт тавих буюу төсвийн гүйцэтгэлийг хянах, мөн зэвсэг, техникийн шинэчлэлийн чиглэлээр л үйл ажиллагаанд нь оролцдог байна. Иймд манай улсын зэвсэгт хүчинд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний нутаг усны дам нөлөө их байдаг бололтой. Учир нь дээр нэр дурьдагдсан зарим албан тушаалтнууд Баянхонгор аймгийн гаралтай ажээ.