П.Болортуяа: Мьянмараас Монголдоо ирээд эрх чөлөө гэж юу байдгийг утгаар нь мэдэрсэн

П.Болортуяа: Мьянмараас Монголдоо ирээд эрх чөлөө гэж юу байдгийг утгаар нь мэдэрсэн

2021 оны хоёрдугаар сарын 01. Цэргийн дэглэмд олон жилийн турш оршин тогтносон Мьянмар ардчилсан орон болоход тун ойрхон байв. Учир нь 2020 оны 11 дүгээр сард болсон сонгуулиар ардчилсан лигийн гишүүд олонхын суудал авч эл өдөр тангараг өргөх байсан юм.

Гэвч хэний ч санаанд оромгүй зүйл болж, Мьянмарын цэргүүд төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч болон Ан Сан Су Чи тэргүүтэй эрх баригчдыг баривчилсан. Үүгээр ч зогсохгүй нэг жилийн хугацаатай онц байдал зарлав. Энэ өдрөөс хойш Мьянмарын ард иргэд эрх чөлөө, ардчиллаа эргүүлэн авахын тулд цэргийнхний эсрэг бууж өгөлгүй “тулалдсаар”. Уг тулаанд 500 гаруй иргэн амь үрэгджээ. Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй уг үйл явдлын гэрч болсон цөөн Монгол иргэн бий. Тэдний нэг бол П.Болортуяа. Тэрбээр 2018 оноос хойш Мьянмарт ажиллаж, амьдарч байсан бөгөөд Монголдоо ирээд удаагүй байгаа юм.

ВИДЕО ҮЗЭХ: 

-МЬЯНМАРТ БАЙСАН БИД ТӨРИЙН ЭРГЭЛТ БОЛСОН ТАЛААР МЭДЭЭГҮЙ БАЙХАД, МОНГОЛД БАЙСАН ХЭД МААНЬ АЛЬ ХЭДИЙН МЭДЧИХСЭН САНАА ЗОВЖ БАЙСАН-

-“Жиргээнийхэн” таныг Чепуха /түүний тветтер хаягийн нэр/ нэрээр андахгүй таних байх. Өнгөрсөн хоёрдугаар сард Мьянмарт төрийн эргэлт гарсан цагаас эхлээд та нөхцөл байдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээс дутахааргүй мэдээлж байсан. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Хэзээнээс Мьянмар улсад амьдарч эхэлсэн бэ?

-Намайг П.Болортуяа гэдэг. Малын эмч мэргэжилтэй. Монголын мал эмнэлгийн салбарт мэргэжлээрээ 20 гаруй жил ажилласан. Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлэг үржлийн газрын дэд даргаар 2016 он хүртэл ажиллаж байгаад 2018 онд “Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага”-ын төсөл хариуцаж ажиллахаар Мьянмар улсыг зорьж, тэндээ гурван жил тасралтгүй ажиллаж, амьдарч байгаад саяхан эх орондоо ирлээ.

-Төрийн эргэлт гарсны дараа амьдарч байсан орчин тань их өөрчлөгдсөн байх. Таныг анх очиход Мьянмарын улс төр, эдийн засаг, нийгмийн байдал нь ямар байсан бэ. Яг ямар орон таныг угтаж авав?

-Монголоос өөр улсад ажилласан анхны туршлага байсан. Анх очих үед манайхаар бол хуучин социализмын үе дуусаж, нийгэм, эдийн засгийн байдал нь нээлттэй болж байсан. Гадаадын хөрөнгө оруулагчид чөлөөтэй орж ирснээр эдийн засгийн байдал нь үсрэнгүй хөгжиж эхэлсэн гэж хэлж болно. Иргэд  нь их сайхан сэтгэлтэй, тусархуу. Дэлгүүрт хариулт мөнгөө мартчихаад гарахад ардаас хэчнээн хол байсан ч хамаагүй гүйж ирж өгдөг тийм л шударга ард түмэнтэй орон хүлээж авсан. Ерөнхийдөө ард иргэдийнх нь нүд тайлагдаж, ирээдүйд итгэх итгэлтэй, мөрөөдөлтэй болж байсан.

-2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр Мьянмарын цэргийнхэн улсынхаа Ерөнхийлөгч, болон Ан Сан Су Чи тэргүүтэй дээд албан тушаалтнуудыг баривчилж, нэг жилийн хугацаатай онц байдал зарласан шүү дээ. Цэргүүд төрийн эргэлт хийсэн гэдгийг анх мэдээд яаж хүлээж авсан бэ. Мэдээж огт төсөөлж байгаагүй зүйл байсан байх?

-Эхэндээ ерөөсөө цочирдож, хүндээр хүлээж аваагүй. Монгол хүн их тайван байдаг юм байна лээ. Өглөө сэрэхэд л интернет тасарч, утас сүлжээгүй болчихсон байсан. Удалгүй жолооч маань цагаасаа эрт ирээд хаалга хүчтэй цохиж “Манай удирдагчдыг цэргийнхэн барьчихлаа. Урьд шөнө төрийн эргэлт хийчихлээ” гэсэн. Шинэ парламентын гишүүд нь энэ өдөр тангараг өргөх ёстой байсан юм. Бид төрийн эргэлт гэж юу байдгийг ч мэдэхгүй шүү дээ. Нэг их юм бодолгүй өдөр 15.00 үед явдаг байссейн дээрээ очтол интернетийн сүлжээ орсон. Гэтэл таньдаг хүмүүсээс маань “Та зүгээр үү. Наана чинь байдал ямар байна, юу болж байна” гэсэн маш олон мессеж ирсэн байсан. Мьянмарт байсан бид төрийн эргэлт болсон талаар нэг их юм мэдээгүй байхад Монголд байсан хэд маань аль хэдийн мэдчихсэн байсан.

Тэгээд л айж сандран, гэртээ ирээд бүх зүйлийг мэдсэн. Цэргийнхэн шөнө нь интернет, сүлжээ тасалж, үүрээр бүх хүнийг унтаж байхад нийслэл рүүгээ орж ирээд сонгуульд ялж, эрх барих гэж байсан хүмүүсийг шоронд хийж, өглөө нь төрийн эргэлт болсон гэж зарласан юм байна лээ. Тэр өдрөө бүх телевизүүдийг хаан, төрийн мэдэлд байдаг ганц сувгийг эрх мэдэлдээ авч мэдээлэл дамжуулж байсан.

-Тухайн үед цэргийнхэн төрийн эргэлт хийж буй шалтгаанаа юу гэж тайлбарлаж байв?

-Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард сонгууль болсон юм. Цэргийнхэн тэр “сонгууль луйвар болсон, бид энэ луйврыг хүлээн зөвшөөрч чадахгүй, Үндсэн хуулийнхаа дагуу нэг жилийн хугацаанд онц дэглэм тогтоолоо. Нэг жилийн дараа бид дахин сонгууль зохион байгуулж, ялсан нам эрх барина” гэж хэлсэн. Эхэндээ Мьянмарын ард түмэн тав хоног тэвчээртэй хүлээж, байдлыг харзнаж байсан ч хоёрдугаар сарын 06-ны өдрөөс гудамжинд гарч, тэмцэж эхэлсэн. Эхний долоон хоног жагсаал маш зохион байгуулалттай тайван хэлбэрээр өрнөсөн.

Гэтэл долоон хоногийн дараа Нейпьидо хотод жагсагчдыг даралттай усаар шүршиж тарааснаар байдал хурцдаж эхэлсэн. Маш хүчтэй даралтат усаар шүршсэний улмаас хэд хэдэн хүн гэмтэж, нэг хүн нас барсан. Удалгүй цэргүүд хөл хорио тогтоосон. Орой 20.00 цагаас хойш гэрээсээ гарч болохгүй. Хөл хорио тогтоосноос хойш янз бүрийн жагсаал цуглаан хийвэл, шууд буудуулна гэсэн үг. Нейпьидод анхны мөргөлдөөн болсноос хоёр, гурван хоногийн дараа жагсаалыг буудаж тараахыг зөвшөөрсөн. Эхэндээ дөрөв, таван хүн шархадлаа гэсэн мэдээ гарч байсан бол өдөр өнгөрөх тусам “буудлаа, үхлээ, хүн нас барлаа” гэсэн мэдээ тасрахаа больсон.   

-ЦЭРГИЙН ДЭГЛЭМД БАЙСАН ЗАЛУУС АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АМТЫГ МЭДЭРСЭН БОЛОХООР ОДОО АМИА ЗОЛИН БАЙЖ ТЭМЦЭЭД БАЙГАА ЮМ-

-Та ямар хотод амьдардаг байсан бэ. Таны байсан газар нөхцөл байдал хэр байв?

-Бид Мьянмарын хоёр дахь том хот болох Мандалайд амьдарч байсан. Манайх Мандалайд байдаг цорын ганц Монгол айл. Янгон, Мандалай хоёрт хамгийн том жагсаалууд өрнөж байсан. Энд тэндгүй хүн буудуулж нас барлаа гэсэн мэдээ гарч эхэлсэн учраас бид гэрээсээ гарахаа больсон. Хотын төвөөр битүү жагсаалтай, цэргийнхэн кинон дээр гардаг шиг өргөстэй тор татаж, зам хаачихсан. Хоёрдугаар сарын 28-ны өдөр бидэнд маш хүндээр туссан үйл явдал болсон. Өглөөний жагсаал байнга 09.00 цагт эхэлдэг. Бид цайгаа уучхаад сууж байтал жагсагчид хэсэг орилж байгаад чимээгүй болчихсон. Хэсэг хугацааны дараа дахин орилж байгаад чимээгүй болсон. Уг нь жагсаал эхэлсэн л бол хүмүүс тасралтгүй эрх чөлөөний төлөө тэмцэж буй утгатай үг хэлж орилдог юм. Бид ч гайхаж байтал гэнэтхэн л буун дуу гараад эхэлсэн. Шоконд орж, сандрахдаа хүүхэддээ чихэвч зүүлгэж, өрөөнд нь оруулсан. Хүүхэд буун дуу сонсвол шоконд орж, сэтгэл зүйн хувьд цохиолтод орчихно шүү дээ. Хэсэг тайвширч байгаад цонхоор хартал үүдэн дээр дүүрэн цагдаа нар бамбайгаа барьчихсан, зогсож байсан. Тэр өдөр манай үүдэн дээр буудалцаан болсон. Буудалцаан гэж хэлэхгүй байх. Буудсан. Жагсагчдыг буудаж эхэлсэн. Орой мэдээ харахад нэг хүн нас барсан байсан.

Байдал хурцдаж, цэргүүд гудамжинд буутай явах нь ердийн үзэгдэл болсон. Гадуур гарахад заавал буутай, машинтай цэргүүдтэй тааралддаг. Цагдаа нь хүртэл цэргийнхний эрх мэдэлд орчихсон. Гэтэл удалгүй автомат шүршигч буугаар хүмүүсийг буудаад эхэлсэн. Манайхаар бол пулемёт юм уу даа.

-Та мөргөлдөөнтэй таарч байв уу?

-Монгол руу явах онгоцны билетээ хөөцөлдөхийн тулд гадагш гарахаас өөр сонголтгүй болж байгаа юм. Нэг өдөр жолоочтойгоо ажил руугаа явж байхдаа яг мөргөлдөөн дундуур яваад орчихсон. Чигээрээ явж байтал зүүн талаас жагсагчид гараад ирсэн. Гэтэл нөгөө талаас цагдаа нар бамбайгаа барьчихсан, буугаа онилоод зогсож байсан. Тухайн үед би яахаа мэдэхгүй жолоочдоо найдахаас өөр аргагүй байдалд орсон. Би жолоочоо цагдаа нарын эсрэг тал руу зугтаах байх гэж бодсон. Гэтэл жолооч маань яг мөргөлдөөн рүү яваад орчихсон. Тийм байдалд орохоор дотор пал хийгээд л, өөрийн ухаангүй болчихдог юм байна лээ. Гэнэт л хойно тачигнасан чимээ гараад л арай гэж аюулгүй мултарсан.

Ажил дээрээ очиж тайвшраад жолоочоосоо асуутал “Надад өөр сонголт байгаагүй. Баруун тийш өнгөрчихвөл цагдаа нарын хараанд өртөж, ардаасаа буудуулах байсан. Би өөрийн мэдрэмжээрээ л тийм үйлдэл хийсэн” гэж хэлсэн. Одоо ч Мьянмарт маш олон залуус тэнэсэн суманд өртөж амиа алдаж байна, хориглолтын цаана нас барж байна, гол тэмцэл болж байгаа дүүрэгт цэргүүд шөнө очоод шууд л буудаж байна. Өөр нэг тохиолдол гэвэл  Монголд ирэхийн тулд ковид-ын шинжилгээ өгөх ёстой болдог. Манай хотоос онгоц нисдэггүй учраас Мандалайгаас Янгон хүртэл найман цаг хурдны замаар давхиж очсон юм. Хурдны замын хажуугаар явуулын майхантай цэргийн харуулууд хүртэл гарчихсан байсан. Цэргүүдийн шалгалттай хэд хэдэн удаа нүүр тулгарсан даа.

-Өдөр ирэх тусам нөхцөл байдал улам хурцдаж байгаа талаарх мэдээ гарч байлаа. Танай гэр бүл хоол хүнсээ яаж зохицуулдаг байв?

-Манай хот хөндлөн нэг, босоо чиглэлд явдаг хоёр гол замтай. Би гол гудамжинд нь амьдардаг байсан. 62-р гудамжинд байнгын мөргөлдөөн гардаг болсон. Сүүлдээ нөхцөл байдал хурцдаад ирэхээр дэлгүүрүүд хүртэл ажиллахаа больсон. Гэрээсээ гарч хүнс цуглуулах болоход буутай цэргүүд зам хаачихсан болохоор буцаж явахаас өөр сонголтгүй байдалд нэлээн хэдэн удаа орсон. Гэхдээ машинтай, жолоочтой орон нутгийн иргэд тусалж байсан болохоор хоол ундны асуудал нэг их гараагүй.

-Жагсагчид ихэвчлэн хэдээс хэдэн насныхан байна?

-Ихэнх нь залуус байгаа. Өөрсдийгөө Z үеийнхэн гэж нэрлэсэн. 2015 оны сонгуулиар Ан Сан Су Чигийн удирддаг Ардчиллын төлөөх лиг маш олон суудал авч, Мьянмар хөгжиж эхэлсэн. Гаднын хөрөнгө оруулагч томоохон корпорацууд орж ирж, залуус нь ардчиллын амтыг мэдэрч эхэлсэн гэх үү дээ. Урьд нь энэ улс цэргийн дэглэмд байсан шүү дээ. Ардчилал, эрх чөлөө гэж юу байдгийг мэддэг болохоор одоо залуус нь амиа золин байж тэмцээд байгаа юм. Амиа алдсан залуусын оршуулгын ёслол дээр маш олон хүн очиж, гашуудаж, “Чи үнэ цэнэтэй зүйлийн төлөө амь насаа алдсан шүү” гэж хүндэтгэл үзүүлж байгаа.

-МЬЯНМАРААС СУРАХ ЗҮЙЛ МАНАЙД ОЛОН БИЙ-

-Эдийн засаг нь зогсож, ажлын байр үгүй болоод ирэхээр Мьянмарчууд яаж амьжиргаагаа залгуулж байгаа бол. Таны хамт ажилладаг байсан хүмүүсээс мэдээ ирсэн үү?

-Би хамт ажилладаг байсан залуусынхаа төлөө маш их санаа зовж байна. Бүгдээрээ иргэдийн эсэргүүцлийн жагсаалд нэгдэж, ажилгүй, цалингүй болчихсон. Гэхдээ “бид бууж өгөхгүй, тэмцэнэ” гэж хэлж байна. Мьянмар 55 сая хүнтэй, 500 мянган цэрэгтэй. Гэвч 500 мянган цэргээ 55 сая хүн дийлэхгүй байна. Энгийн иргэдэд зэвсэг байхгүй, цэргийнхэнд бий. Түүнийгээ янз бүрээр ашиглаж байна. Манай хотод нэг өглөө байлдааны онгоц ниссэн. Байлдааны онгоц тэнгэр нурж байгаа юм шиг маш их дуутай байдаг юм байна лээ. Тухайн үед бөмбөгдөөгүй ч жагсагчдыг айлгах зорилготой байсан байх.

-Цэргийнхээс ангид үймээн самуун хэр гарч байв. Дээрэм, тонуул гэх мэт? 

-Дайны хажуугаар дажин гэгчээр маш их дээрэм, тонуул гарч байгаа. Саяхан миний амьдарч байсан хотод гал гарч 1000 гаруй айл орон гэргүй болсон. Дээрэмчид түймэр тавьчхаж байгаа юм. Банкууд ажиллахгүй удахаар хүмүүс мөнгөгүй болж зарим нь дээрэм хийж эхэлж байна.

-Онгоцны билетийн үнэ зэрэгт өөрчлөлт орсон байсан уу. Маш олон гадаадын хүн Мьянмараас явахыг хүсэж байсан байх?

-Нөхцөл байдал хэцүү болоод ирэхээр гаднынхан гарах гэж зүтгэж эхэлсэн. Үүнийг нь ч дагаад онгоцны билетийн үнэ нэмэгдсэн. 800 долларын билет 1600 болчихсон. Одоо ч гадаадын маш олон иргэн гарч чадахгүй байгаа.

-Монголд байгаа гэрийнхнээс тань хэр холбоотой байв. Санаагаа их чилээсэн байх?

-Би Мьянмарт 2018 онд очиж нэг жил ажиллаж тохижсоныхоо дараа нөхөр хүүхдээ ирүүлсэн. Манай аав 80 гарсан хүн байдаг. Аавын санааг нь зовоочихно гээд ийм нөхцөл байдалд байгаагаа хэлээгүй. Харин ойр дотнынхон маань “хурдан ир”, “билет нь юу болж байна” гэж өдөр болгон шахуу асуудал байлаа.  

-Манайхаас Мьянмарт суугаа элчин сайдын яам гэж байдаггүй. Тиймээс Бангкок дахь ЭСЯ иргэдтэйгээ нягт холбоотой ажиллана гэж Гадаад хэргийн яамнаас мэдээлж байсан. Элчингээс тантай хэр холбоотой байв?

-Цэргийн эргэлт болсон өдөр бид элчиндээ буцах өргөдлөө өгсөн байсан. Нөхцөл байдал хүндэрч эхлэхэд хоёрдугаар сарын 09-ний өдөр дахин яаралтай буцах өргөдлөө Тайландын элчин сайдын яаманд өгсөн. Надад Мьянмараас богино хугацаанд гарах боломж байсан. Гэвч Банконгийн элчин сайдын яаманд хандахад маш удаан ажилласан. Гадаа буун дуу сонсогдож байхад гэрт тайван суух нөхцөлгүй шүү дээ. Нөгөө талаар хүүхдэдээ их санаа зовж байсан. Буун дуу сонсож байгаа хүүхдийн сэтгэл зүй ямар байх билээ.

-Мьянмар Английн колони орон байсан. Цэргийн удирдлага дор тусгаар тогтносон улс шүү дээ. Таны ярианаас сонсоход төрийн эргэлтээс өмнөх хэдэн жилд эрчтэй хөгжиж байсан юм байна. Монголтой харьцуулж яривал?

-Манайх Мьянмараас сурах зүйл олон бий. Мьянмар колони орон байсан учраас үйлчилгээний тал дээр маш сайн. Худалдааны, эмнэлгийн гэх үйлчилгээ үнэхээр төгс гэж хэлэхэд илүүдэхгүй. Иргэд нь хэзээ ч дутуу дулимаг зүйл хийдэггүй. Хийнэ гэсэн л бол ямар нэгэн тайлбар тавихгүйгээр 100 хувь гүйцэтгэж чаддаг. Төрийн байгууллагууд нь маш сайн. Харин боловсролын тал дээр манайхаас нэлээн доогуурт орох байх.

-ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ АРДЧИЛЛАА НҮДНИЙ ЦӨЦГИЙ МЭТ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ ГЭЖ ЗАЛУУСТАА ЗАХЬЯ-

-Танаас өөр Монгол иргэн үлдсэн үү.

-Янгонд хоёр, гурван гэр бүл байдаг. Одоо ч байгаа. Намайг анх очиход 20 гаруй Монгол иргэн байсан ч ковидоос болоод нэлээн хэд нь эх орон руугаа буцсан.

-Түгшүүр төрүүлсэн өдрүүд дуусаж, эх орондоо ирэх мэдрэмж ямар байв?

-Онгоцноос буугаад л цээж дүүрэн амьсгалсан. Эх орондоо ирээд л үнэхээр тайван байдлыг мэдэрсэн гэж хэлж болно. Дээрээс нь цаг агаарын хувьд диваажин. Биднийг ирэхээс өмнө Мьянмарт ид халууны улирал нь эхэлчихсэн, өдөртөө +30 хэм хүрч байсан. Зун бүр +45 хэм хүрдэг. Монголдоо ирээд л задгай салхинд нь цээж дүүрэн амьсгалах үнэхээр сайхан байсан.

Үүнээс гадна Мьянмарт бүтэн нойртой хонодоггүй байлаа. Онгоцны билет бүтэхгүй бол яана аа, нөхцөл байдал улам хурцадвал яах вэ гэх мэт асуудлуудад санаа зовж,сүүлийн нэг сар унтаж чадаагүй. Монголд үгээ хэлэх эрх чөлөөтэй байгаа нь үнэхээр сайхан хэрэг. Ер нь хүний амьд байх эсэх асуудал хөндөгдөөд ирэхээр эх орныхоо үнэ цэнэ, ардчиллын үнэ цэнийг утгаар нь мэдэрдэг юм байна лээ.

-Дэлхий нийт Мьянмарчуудын тэмцэлд чих тавьж байна. 500 гаруй хүн ардчиллын төлөөх тэмцэлд амь үрэгдээд байна. Энэ эмгэнэлт үйл явдалд ардчиллын үнэ цэнэ ямар вэ гэдгийг харуулж байна шүү дээ. Таны хувьд тэр тэмцлийг нүдээр үзсэн хүний хувьд залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Бид ямар сайхан тайван оронд амьдардаг юм бэ. Гудамжинд явахад буудуулна гэж айхгүй, байшин чинь дэлбэрчихвэл яах вэ санаа зовохгүй үнэхээр тайван оронд амьдардаг гэдгээ хамгийн ихээр ухаарсан. Бид үг хэлэх, өөрсдийнхөө эрхийг хамгаалах эрх чөлөөтэй байна. Үүнийг залуус та бүхэн эрхэмлэн нандигнаж яваарай. Алдаж болохгүй шүү. Би улс төрч биш. Гэхдээ сүүлийн үед манай орон Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгт элсэх, Ерөнхийлөгчийн засаглалын асуудал яригдаж байна. Бид нэг хүний, нэг бүлэг хүнд эрх мэдэлд яавч орж болохгүй. Цэргийнхэн өөрсдийнхөө эрх мэдлийн төлөө л “үзэж” байна. Мьянмарын цэргүүд хамгийн баян байдаг. Тэд эх орныхоо төлөө төрийн эргэлт хийгээгүй, өөрсдийн эрх мэдлээ алдахгүй гэсэндээ эргэлт хийж байна. Бид олон ургалч үзэлтэй, парламентын олон гишүүнтэй, олон намтай, хэрүүл хийж байсан ч үг хэлэх эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Үүнийг л алдаж болохгүй. Эрх мэдэл, шуналд хязгаар гэж үгүй гэдгийг өөрийн нүдээр харлаа. Ямар нэгэн эрх мэдэлтний дарангуйлалд л орж болохгүй юм байна шүү. Ирээдүйнхээ төлөө ардчиллаа нүдний цөцгий мэт хайрлаж яваарай гэж залуустаа захья.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.




Өнөөдөр хонь өдөр

13 минутын өмнө