“Болсон явдлын юуг нь ч санахгүй байна” гэж Н.Түвшинбаяр мэдүүлсэн гэв

2021-04-05 13:53

Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн ХОРИХ эсэхийг Хан-Уул дүүргийн шүүх шийднэ

Олимпын наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт сэжиглэгдэн, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа билээ. Учир нь түүнийг “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь шүүхийн шийдвэрийн дагуу ийнхүү баривчилсан байгаа юм. Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 30 хоног хорих эсэхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдэх ажээ. 

2021-04-05 13:04

Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт ГЭРЧЭЭР нэр бүхий сэтгүүлчид холбогдон, мэдүүлэг өгч эхэлжээ

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байна. Харин Э.Энхбатын биеийн байдал хүнд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Харин тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа бөгөөд гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч байгаа аж. 

Тодруулбал, манай телевизийн нэр бүхий сэтгүүлчид, Токио 2020 олимпын наадмын шууд дамжуулалтын үеэр хэрхэн хамтран ажиллах талаар Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай уулзахаар хэрэг гарсан газарт очоод байжээ. Иймд тэд тус хэргийн гэрчээр холбогдож, хуулийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгч эхэлсэн байна. 

2021-04-05 10:29

Н.Түвшинбаярыг өнгөрсөн шөнө 461-р хорих анги руу ачжээ

Олимпын аварга Н.Түвшинбаяр, Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, гэмтээсэн байж болзошгүй мэдээлэл өнгөрсөн баасан гарагт цахим орчинд цацагдсан. Тэгвэл өнгөрсөн шөнө 23:00 цагийн үед Н.Түвщинбаярыг Цагдан хорих 461 дүгээр анги руу ачжээ. Түүний хувьд тархины битүү гэмтэлтэй гэсэн шалтгаанаар “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч шүүхийн шийдвэрийн дагуу ачигдсан байна.

Харин өсөх идэр начин Э.Энхбат ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй тогтворжсон тул хагалгаанд оруулахаар болсон талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа ба Н.Түвшинбаяр “хэтэрхий их согтсон байсан тул хэргийн талаар юу ч санахгүй байна” гэж мэдүүлжээ.

2021-04-05 09:25

“Болсон явдлын юуг нь ч санахгүй байна” гэж Н.Түвшинбаяр мэдүүлсэн гэв

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын наадмын алт мөнгөн медальт, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх Н.Түвшинбаяр өнгөрөгч баасан гарагт Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй. 

Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа бөгөөд Н.Түвшинбаяраас өнгөрөгч бямба гарагт мэдүүлэг авсан юм. Тэгвэл тэрээр “болсон явдлын юуг нь ч санахгүй нь, хэтэрхий их ууснаас согтсон” хэмээн мэдүүлсэн сурагтай байна. Уг нь цагдаа, прокурорынхон Н.Түвшинбаярыг сэжигтнээр тооцон цагдан хорих санал гаргахаар бэлтгэж байсан ч “Интермэд” эмнэлгийнхэн түүнийг “тархины битүү гэмтэлтэй. Гурав хоногтоо харзнаж, эмчилнэ” гэсэн учраас саатуулах боломжгүй болсон талаар Өнөөдөр сонины дугаарт нийтэлжээ.