Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт аудит оруулна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт аудит оруулна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Захирагчийн ажлын албанд хандсан гомдол иргэдээс их ирж байгаа тул аудит оруулна гэдгийг онцолжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд голомт бүхий объект, байршилд халдваргүйжүүлэлтийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж ажиллах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Мөн Богд уул, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг шуурхай эхлүүлж, эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй, стандарт норм, дүрмийг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэг, даалгавар өглөө. Энэ үеэр НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн өдрүүдэд “Ковид-19”-өөс сэргийлэх, тархалтыг бууруулах ажлын хүрээнд давхардсан тоогоор худалдааны 13 327, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 5733, ахуйн үйлчилгээний 3592, авто засвар үйлчилгээний 1061, бусад үйлчилгээний 2477 газарт буюу нийт 26 190 газрыг хамруулан шалгаж, 8006 зөрчил илрүүлэн, 58.6 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэнээ танилцуулсан байна. Мөн нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт дэд ажлын хэсгүүд байгуулагдан, барилгын хашаа, түр хашааны норм дүрэм, журам стандартад хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд 236 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, зөрчилтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хугацаатай үүрэг өгчээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагууд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд гэрэлтүүлгийн удирдлагын 59 самбар, 164 гэрэлтүүлгийн шон, 230 гэрэлтүүлгийн толгой засвар, 4613 метр кабель цэгцлэх, таван шонд таг хийсэн гэнэ. Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол доторх өнгө үзэмжгүй, стандартын шаардлага хангаагүй хайс, бетон блокыг илрүүлэн засаж сайжруулах, зөрчлийг арилгах хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үзлэг шалгасан байна. Үзлэг шалгалтаар төвийн зургаан дүүргийн 73 байршилд 1267 метр урт өнгө үзэмжгүй, стандартад нийцэхгүй хайс, бетон хаалт байжээ.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө