ХУУЛЬ: Шүүгч, прокурор, мөрдөгч, гэрчийг сүрдүүлсэн гэх заалтаар Н.Түвшинбаярыг цагдан хорьжээ

ХУУЛЬ: Шүүгч, прокурор, мөрдөгч, гэрчийг сүрдүүлсэн гэх заалтаар Н.Түвшинбаярыг цагдан хорьжээ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан гэх хэрэгт сэжиглэгдээд буй. Иймд өнгөрсөн ням гараг /2021.04.04/-ийн шөнө 23:00 цагт Н.Түвшинбаярыг Цагдан хорих 461-р анги руу ачсан бол өчигдөр /2021.04.05/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг энэ сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан юм.

Тодруулбал, яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд  2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор  шийдвэрлэлээ” гэж шүүхээс мэдэгдсэн.

Тэгвэл Н.Түвшинбаяр нь шүүгч, прокурор, мөрдөгч, гэрч нарыг дарамтлан, сүрдүүлсэн гэсэн үндэслэлээр түүнийг цагдан хорьсон байж болзошгүй байгаа аж.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” бол шүүгч яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана гэж заажээ. Зарим иргэдийн зүгээс Н.Түвшинбаяр нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр дотно, мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх гэсэн албан тушаалтай тул шүүхийн хариуцлагааас мултарч болзошгүй гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм.