Хүүхдийн төлөө сан байгуулах төслийг дэмжлээ

Хүүхдийн төлөө сан байгуулах төслийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд Хүүхдийн төлөө сан байгуулах зохицуулалтыг тусгасан юм.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр “Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон Монголын үндэсний Паралимпын хорооны зүгээс талархал ирүүлснийг уламжлав.

 Улмаар уг саналаа найруулгын өөрчлөлтгүйгээр үлдээхийг Байнгын хорооноос хүслээ. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, гишүүний оруулсан саналд өөрчлөлт оруулаагүйг тодотгосон юм. Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг гишүүдийн олонх дэмжив.