БНХАУ-д хоёр жил ээждээ хаягдаж, хууль бусаар амьдарч байсан 12 настай хүүг эх оронд нь авчиржээ

БНХАУ-д хоёр жил ээждээ хаягдаж, хууль бусаар амьдарч байсан 12 настай хүүг эх оронд нь авчиржээ

Эх орон нь нэгэн бяцхан хүүгээ алс холоос буцаан авчирч, энгэртээ наажээ. Хоёр жилийн турш БНХАУ-д ээждээ хаягдаж, хууль бусаар амьдарч байсан хүүгийн тухай мэдээлэл манай улсад ирснээр холбогдох байгууллагууд хуулийн дагуу ажиллаж хүүг эх оронд нь өнгөрөгч зургадугаар сарын сүүлээр авчирсан байна. 

Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Хүүхэд хамгааллын тухай хууль”-нд зааснаар “Хүүхэд аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгаа нь тогтоогдвол улс өөрийн хамгаалалтад авна” хэмээн заасан байдаг.

Тэгвэл, БНХАУ-ын Эрээн хотод хоёр жилийн турш нэгэн Хятад иргэний гэрт амьдарч байгаа Монгол хүүгийн тухай мэдээлэл Монгол улсаас Эрээн хотод суух консулын газарт энэ оны эхээр ирсэн байна. Мэдээллийн дагуу хүүг консулын газар судалж эхэлжээ. Гэтэл хүү Эрээн хотын ядуу тосгонд нэгэн Хятад эрэгтэйн гэрт амьдардаг болох нь тогтоогдсон байна. Ингээд албаны хүмүүсийг шалгалтаар очиход хүү ихэнхдээ ажил хийхээр явсан байдаг байжээ. Мөн хөдөөгийн тосгонд өөрийн хийж чадах бүхий л ажлыг хийж өдрийн хоолоо залгуулан амьдарч байсан аж. Энэ хугацаанд үл хайхрах хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, амьдрах орчны хүчирхийлэлд хүү өртдөг байжээ.

-ХҮҮГИЙН ТӨРСӨН ЭЭЖ ХЯТАД ЭРИЙН ХҮҮХЭД ХЭМЭЭН ОРХИЖ ЯВААД СУРАГГҮЙ БОЛЖЭЭ-

Хүү өдгөө 12 настай. Хүүгийн төрсөн ээж арван настай байхад нь БНХАУ-д очиж нэгэн Хятад эрэгтэйд хүүгээ “Чиний хүүхэд” хэмээн хэлж үлдээгээд түүнээс хойш сураг тасарчээ. Монгол улсын иргэнийг Эрээн хотын алс тосгонд байгаа гэх мэдээллийг Хятад иргэн манай албаны хүмүүст мэдээлж. Ингэхдээ Эрээн хотод Монгол улсаас суух Консулын газарт очиж “Улсынхаа иргэнийг авахыг хүссэн” байна. Энэ мэдээлэл манай улсын Гадаад харилцааны яаманд мэдээлэл ирж Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газартай хамтран БНХАУ-ын зохих шатны байгууллагад хуулийн дагуу хүсэлт гаргаснаар хүүг Монголд нь буцааж авчирсан байна. Харин хүүгийн БНХАУ-д түр оршин суух визний хугацаа дууссан байсан тул Манай улсаас визний торгуульд 10 юань нөхөн төлбөрийг нь төлж байж өөрийн улсын иргэн болох бага насны хүүхдийг эх оронд нь эрүүл саруул авчирч чадсан байна. 

Хүүгийн төрсөн ээж хүүгээ хаяад сураггүй хоёр жилийн хугацаанд БНХАУ-д байсан. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хүүгийн ээжийг тус улсын цагдаа олж авчирсан аж. БНХАУ-д амьдарч байсан Монгол хүү Монгол ээжээрээ овоглосон Монгол улсын иргэн учраас хуульд зааснаар өөрийн улсын иргэнийг эх оронд нь авчирч аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртөхөөс хамгаалж улс хамгаалалтаа ийнхүү авчээ.

-ӨНӨӨДӨР ХҮҮ ЭЭЖИЙНХЭЭ ХАМТ УЛААНБААТАР ХОТОД АМЬДАРЧ БАЙГАА ГЭВ-

Өдгөө хүү өөрийн төрсөн ээжийнхээ хамт нийслэлд амьдарч байгаа аж. Харин хүү Эрээн хотод амьдарч байх хугацаандаа Хятад хилээр сайн ярьдаг болсон учир хүүг энд хятад хэл дээр сургалт явуулдаг, сургуулийн орчноор хангах тал дээр хүүхэд хамгааллын байгууллагууд ажиллаж байгаа аж. Мөн ээжийнх нь биеийн байдалд холбогдох байгууллага ажиллаж байгаа гэх ч мэдээлэл байна.

Арван настай эх орноосоо гарсан хүү арван хоёр настай болоод буцаж ирсэн. Цаашид хэрхэн яаж амьдрах тал дээр хүүхдийн байгууллагууд анхаарал хандуулан ажиллаж эхэлжээ. Гэхдээ хүү хамгийн чухал зүйл болох гэр бүлийн хүмүүжил, суурь боловсролыг сурч амжаагүй. 

Энэ мэт томчуудын хэнэггүй үйлдлээс болж бяцхан хүүхдүүд хорвоог гуниг дүүрэн туулж байна. Тэд үг дуу цөөн, өөрийгөө илэрхийлэх чадвар муу, сэтгэн бодох чадвар сул зэрэг олон сөрөг үр дагаврыг тээж хоцорсон. Энэ байдалд гэр бүл төлөвлөлт болон нэгдсэн бодлого зохицуулалт гэж зүйл байхгүйг өнөөдрийн олон жишээ харуулсаар байна. 

У.УРАНЦЭЦЭГ