АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер Монголд айлчилж байна

АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер Монголд айлчилж байна

Өнөөдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер, ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В. Фомин нарын албан ёсны айлчлал хийж байна.

АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Марк Эспер Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр /2019.08.08/-өөс эхлэх бөгөөд өчигдөр орой Монголд газарджээ. Тэрбээр Пентагоны тэргүүний хувиар хийх анхны гадаад айлчлалаа Ази тивийн таван улсаас эхлэхээр болсны нэг нь Монгол Улс юм байна. 

Тэрбээр манай улсад газардсан бичлэгээ өөрийн твиттер хуудаснаа байршуулж, “Монголд ирлээ! АНУ-Монголын нийтлэг үнэт зүйлс, түншлэлийн бат бэх хэлхээ холбоо, дэлхий даяар ардчилал, эрх чөлөөг дэмжих үүргээ батлан харуулах болно” хэмээн жиргэсэн аж.

Түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудалд газардахад Монголын албаныхан ааруул, цагаан идээ барин угтсан байна. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болон Батлан хамгаалахын сайд нартай уулзахаар төлөвлөжээ.

Айлчлалаар дамжуулан Хятад, Оросын эсрэг стратегиа хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой Монгол Улстай харилцаагаа гүнзгийрүүлэхийг Пентагон зорьж байна. Газрын зураг дээр Монгол Улс нь ОХУ болон Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог, далайд гарцгүй орон боловч ирэх 10 жилд Пентагоны тэргүүлэх чиглэл болно гэж харжээ. Марк Эстерийн АНУ-ын Батлан хамгаалахын сайдын хувиар олон улсад хийж буй анхны айлчлалд Монгол Улс багтсан нь бүс нутаг дахь тус улсын ач холбогдлыг өргөж байна. Сүүлд 2014 онд АНУ-ын батлан хамгаалахын сайд асан Чак Хагель Монгол Улсад дөрвөн цаг саатсан байдаг. Харин энэ удаа Марк Эстер Улаанбаатар хотод нэг шөнийг өнгөрөөгөөд дараагийн улсыг зорьжээ. Түүнийг Монгол Улсад айлчилсантай холбогдуулан морь бэлэглэсэн байна.

Харин ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд А.В. Фомин 11:50 цагт Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирж дэд сайд Т.Дуламдоржтой уулзалт хийх ажээ.