Замын-Үүд боомтоор ачаа тээврийн машинуудыг нэвтрүүлж эхэллээ

Замын-Үүд боомтоор ачаа тээврийн машинуудыг нэвтрүүлж эхэллээ

Өнгөрсөн сарын 22-ны өдрөөс хойш /2021.03.22/ Монгол, БНХАУ-ын хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдож экспорт, импорт тэг зогсолт хийсэн. Тодруулбал, Зам-Үүдэд коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас Эрээний боомтоор экспорт, импортын ачаа ачсан машинуудыг нэвтрүүлэхгүй гэж шийдвэрлэсэн юм. Энэ нь аж, ахуй нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж, иргэдийн бухимдлыг төрүүлж ихээхэн асуудал үүсгэсэн билээ. 

Тэгвэл өчигдрөөс /2021.04.07/ эхлэн манай ачааны машинуудыг Эрээн рүү нэвтрүүлж эхэлсэн байна. 

Энэ талаар БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэл өмнө нь тайлбар өгөхдөө "Эрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Гаалийн хашаанд ажилладаг 8000 орчим хятад ажилтанг энэ сарын 06-ны өдөр /2021.04.05/ вакцинжуулж дуусаад 07-ны өдрөөс манай жолооч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр болсон. Энэ сарын 07-ны өдрөөс ариутгал, халдваргүйтлийг хийгээд манай талын 20-30 тээврийн хэрэгслийг туршилтын журмаар оруулахаар ярилцаж байна. Амжилттай болбол тээврийн хэрэгслийн тоог бага, багаар нэмнэ. Хамгийн гол нь Замын-Үүдэд халдвар гарахгүй байх ёстой. Тиймээс Дорноговь аймаг, Замын-Үүд сум халдвар хамгааллын ажлыг сайтар хийж, цар тахалтай тэмцэж буй ажлаа хоёр талд солилцохоор болсон. Өнөөдрөөс мэдээлэл солилцох сувгаараа солилцож эхэллээ" гэсэн. 

Тэгвэл консул Т.Мөнхгэрэлийн хэлсэнчлэн өчигдөр 20 автомашиныг Эрээний боомтоор нэвтрүүлжээ. Одоогийн байдлаар Замын-Үүдэд 700-гаад машиныг дараалалд оруулсан байна.