ЧУУЛГАН: ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

ЧУУЛГАН: ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Хуралдаанд, Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцуулав. Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу УИХ 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүн нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ, тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” нь зөвхөн Улсын дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан. Энэ хүрээнд ЕТГ-аас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон Ж.Эрдэнэбулганыг бүрэн эрхийн хугацаа нь нэгэн адил дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосон талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүссэн. Тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрх УИХ-д хадгалагдаж байна” гэх утга бүхий хариуг ирүүлсэн болохыг Ө.Шижир дарга танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийн талаас нь ярьсан. ҮХЦ-д Монгол Улсын Ерөнхийлөгч хангалттай эрх мэдлээр оролцдог. Хоригийн асуудал бол албан тушаалтан дээр тавих нь буруу жишиг тогтоно. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдлийг булаацалдаагүй. Үндсэн хуульд заасан зохистой зарчимд нь оруулах гээд байгаа юм. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг мөн. Сүүлийн үед Ерөнхийлөгч гэдэг хүн авлигатай тэмцэгч, Засгийн газарт чиглэл өгдөг дүрд орсон. Ерөнхийлөгч хүчгүй болж байгаа зүйл байхгүй. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: -Цар тахал гараад 1.4 жил болж байна. Үүнийг далимдуулж төр, засаг Ерөнхийлөгчтэй эрх мэдлийн тэмцэл хийж байна. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болохоор танхимаар хуралдаж байна. Өнгөрсөн хугацаанд ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй тэмцэл хийсээр нэг жил өнгөрч байна. Авлигатай тэмцэх хууль, Шүүхийн тухай хуулийг оруулж ирж эрх мэдлийг өөрсдөдөө авлаа. ҮХЦ-ийн гишүүнийг дундаас нь сугалж байна. Баяр наадмын тухай, Морины сэрвээний тухай гээд онцын шаардлагагүй хууль оруулж ирдэг. 1.1 их наяд төгрөг, 10 их наяд төгрөг гээд төсөл хөтөлбөр батлаад бүх аймагтаа шинжилгээний аппарат бий болгоогүй байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -МАН 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчтэй болно гэснээс хойш хууль зөрчих үйл явц явж байна. Одоо Цэцийн гишүүд рүү орж байна. Бүх зүйлд улс төржсөн тайлбар хийх юм. Томилгоог дээрэмдэж болохгүй. Бие даасан шүүгчтэй болох асуудлыг С.Бямбацогт замхруулах нь. Ёс зүйтэй байцгаа л даа.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: 2018 онд Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах Ерөнхийлөгчийн саналыг Байнгын хороо хэлэлцсэн. Ингэхдээ, оронд нь чөлөөлөх гишүүдийн асуудлыг хэлэлцээгүй гэсэн жишээ татав. Энэ жишгийн дагуу Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хэлэлцсэн гэдгийг тайлбарлав. Төрийн албаны тухай хууль Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заасны дагуу 65 насны дээд хязгаарт хүрсэн учраас Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хөндсөн гэж хариулав.  Тэрбээр, Чөлөөлөх, томилох асуудлыг нэг бүрчлэн яриад, чуулганы хуралдаан дээр томилох нь дэмжигдэхгүй, чөлөөлөх нь дэмжигдэх юм бол орон гарах асуудал үүснэ. Тиймээс төрийн ажлын залгамж чанарыг хангах үүднээс Цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн тохиолдолд чөлөөлөх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хамт шийдвэрлэдэг дэгтэй.

Томилгооны хугацаа нь дуусаад 1.4 жил болсон дээрх гишүүдийг чөлөөлөх, орны томилгоог хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд УИХ байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Улсын дээд шүүхэд үүнтэй холбоотой шаардлагыг тогтмол хүргүүлсээр байсныг дурдав. Хууль заасны дагуу ҮХЦ-ийн гурван гишүүнийг Ерөнхийлөгч, гурвыг нь УДШ, мөн гурвыг УИХ томилдог бөгөөд УДШ бүрэн эрхийнхээ хүрээнд томилгооны хугацаа дууссан хоёр гишүүнийхээ оронд томилох хүнийг санал болгосон хэмээн тайлбарлаад, хууль зөрчсөн асуудал байхгүй. 

Цар тахлын улмаас УИХ-ын гишүүд таван танхимд хуваагдан хуралдаан биечлэн оролцож байгаа юм. УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтсээс таван танхимаас төхөөрөмжөөр санал хураах боломжгүй тайлбар өгсөн тул гар өргөж санал хураах горимын саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гаргасныг гишүүдийн олонх дэмжив. Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон 58 гишүүний 48 нь буюу 82.8 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн Байнгын хорооны саналыг дэмжлээ. Ингэснээр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. 

ҮЗЭХ:




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө