ФОТО: 1930-1940 оны мэдээллийн санд бүртгэгдээгүй 6х8-ийн хэмжээтэй зоорь олдов

ФОТО: 1930-1940 оны мэдээллийн санд бүртгэгдээгүй 6х8-ийн хэмжээтэй зоорь олдов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн баруун урд байрлах автомашины зогсоол доош цөмөрсөн газарт албаныхан үзлэг шалгалт хийж ажиллаа.

-ЭРТНИЙ ОЛДВОР БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР УЧРААС СОЁЛЫН ӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД 2 ХОНОГ АЖИЛЛАНА-

Учир нь өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр 17 цагийн орчимд газар цөмөрсөн гэх мэдээлэл иргэнээс Онцгой байдлын газарт ирүүлсэн. Улмаар Нийслэлийн мэргэлийн хяналтын холбогдох мэргэжилтнүүд Онцгой байдлынхантай хамтран эхний үзлэг хийсэн байна. Ингэхэд дээрх хэсэгт байрлах автомашины зогсоолд иргэн машины тавих гээд эргэлт хийхэд газар цөмөрч урд дугуй доош унасан байсан аж. Харин иргэний автомашины урд дугуй хэсгийг гаргаж цөмөрч үүссэн нүхийг өнөөдөр өглөөнөөс эхлэн НЦГ, НМХГ, ТЕГ, ЭЦА, Төрийн тусгай хамгаалалтын алба, Аврах 105-р ангийн алба хаагчид хамтран шалгалт явуулсан билээ.

Эхний байдлаар үүссэн газар цөмөрч нүхийг хамгаалалтанд авч дахин нэмж нуралт үүссэхээс сэргийлсэн. Мөн иргэн унаж бэртхээс хамгаалсан гэж албаныхан мэдээлж байгаа юм.

Түүнчлэн бидний сурвалжлага бэлтгэх үеэр тэнд албаны хүмүүсээс нэмэгдэн Улаанбаатар хотын музей, Нийслэлийн Соёл өвийг хариуцсан мэргэжилтэн нар гэрэл зургийн аппарат барин ирсээр байв.

Биднийг очиход НЦГ, ЭЦА, НОБГ-ын дарга удирдлагуул хяналт тавьж газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж байхтай  таарсан юм. Харин хоёр цагийн турш тэнд ажилласан албаныхан бууж улмаар бид мэдээлэл авсан билээ.

-ДЭЭР ҮЕД ЭНД МАЙДАР ИХ ЗАМ БАЙСАН ГАЗАР ЮМ-

Улаанбаатар хотын музейн мэргэжилтэн Г.Очбаяр:

-“Улаанбаатар хотын музейгээс холбогдох байгууллагын мэдээллийн дагуу ирж, цөмөрсөн газрыг үзэхэд зоорь шиг хэлбэртэй, соёлын өв байж болзошгүй давхарга илэрлээ. Би сая дээрээс нь очиж харлаа. Дотор нь яг юу байгаа нь харагдсангүй. Одоогийн байдлаар нэг метр орчим хэсэгт нь ус тогтсон байна. Соёлын өв байж магадгүй илэрц олдвор гарсан тохиолдолд хуулийн дагуу заавал соёлын малтлага байгаа эсэхийг шалгадаг учраас би энд ирсэн. Хуучин энэ зоорины дээр бүр хүрээний үед Майдарын зам л байсан” гэлээ.

-ЧУЛУУН ХАНЫГ ПААЛКААР ХУЧИЖ ДЭЭРЛЭСЭН БАЙГУУЛАМЖ БАЙНА-

НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргал

-“Өчигдөр 17.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутагт машиныг зогсоолд байрлуулах үед урд дугуйны доод хэсэг нь цөмөрлөө гэсэн дуудлага мэдээлэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ирсэн. Бид дуудлагын дагуу ирж шалгах үед суваг байж болзошгүй байсан учраас цагдаагийн байгууллагын дуудаж хамгаалалт авхуулсан байгаа. Улмаар уг суваг зоорь нь соёлын өв байж болзошгүй байсан тул холбогдох мэргэжлийн байгууллагыг дуудаж шалгууллаа. Зоорь руу орж харахад 6х8 м хэмжээтэй зоорийн барилга байна. Доош 3м орчим юм байна. Чулуун ханыг паалкаар хучиж дээрлэсэн байгууламж байна билээ. Доороос нь нэг метр орчим хэрээтэй ус шүүрч тогтсон байдалтай байсан. Энэ байгууламж нь 1930, 1940-өөд оноос өмнөх үед ашиглаж байсан учраас улсын мэдээллийн санд байгаагүй. Зоорь илэрсэн газрыг “Эй Ар Би Монголия” ХХК-ийн эзэмшдэг. Доороос шүүрч тогтсон усыг соруулаад ямар нэгэн илэрц олдвор илэрсэн эсэхийг шалгасны дараа дараагийн арга хэмжээг авна. Иргэдийн яриад байгаа шиг Төрийн ордны доод талд байдаг хонгил байгаагүй гэдгийг хэлье” гэв.

У.УРАНЦЭЦЭГ