Н.Цэдэнбал: Ганц сарын урамшуулал хүссэнийхээ төлөө н.Тэрбаатарт урвагчаараа дуудуулсан

Н.Цэдэнбал: Ганц сарын урамшуулал хүссэнийхээ төлөө н.Тэрбаатарт урвагчаараа дуудуулсан

2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Монголын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг Азидаа чансаагаараа нэгдүгээрт бичигддэг Японы багтай хүч үзсэн. Энэ тоглолт дотоодын төдийгүй гадаадын хэвлэлүүдийн анхаарлыг татаж, хөлбөмбөгийн фанатуудыг суудлаас нь өндөлзүүлсэн ширүүн “тулаан” болсон. Хэдий манай баг ялагдал хүлээсэн ч дэлхийд данстай багийн эсрэг чадварлаг тоглосон гэдгийг цөөнгүй хүн хэлж байгаа билээ.

Шигшаа багийн тамирчин Н.Цэдэнбал Монголын Үндэсний хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга /генсек/ н.Тэрбаатарын талаар дараах мэдээллийг нийтэлжээ.

ТЭРЭЭР:

“2 сарын 26-нд эх орноосоо гараад 21 хоног Турк улсад бэлтгэл хийж, Тажикстан, Япон улсуудтай тоглолтоо хийгээд, эх нутагтаа ирж Төв аймгийн бэлтгэлийн бааз дээр 9 хоног каринтинд ороод, яг 43 хоногийн дараа гэртээ орж ирлээ. Гэрлүүгээ харьж явахдаа ямар хэцүү мэдрэмж мэдэрснээ та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. 16 жил энэ улсын шигшээ багт хүчин зүтгэсэний хувьд ирээдүйн дүү нарийнхаа төлөө үзэл бодолоо илэрхийлэх эрх нь байгаа байх гэж бодоод бичиж байна.

Эхлээд 2 тоглолтод ялагдал хүлээсэндээ үзэгч, фанатуудаасаа УУЧЛАЛ гуйж байна. Цар тахлын улмаас 460 хоног тэмцээнгүй, тоглолтгүй байсан бид нар бүх хүч чадлаа дайчлан тоглосон шүү гэдгээ хэлье. Үнэндээ 11 сард дуудагдаад, 12 сараас зарим нь гэртээ бэлтгэл хийж, зарим нь бүр гадагшаа явахын өмнөх өдөр л ажлаасаа чөлөө авч багтайгаа нэгдсэн. Бид нар олон улсын жишигт хүрэх гэж бүх чадлаа дайчилсан.

Бидэнд чанартай бэлтгэл хийсэн 21 хоног байлаа. Хожигдол бол хожигдол. Уг нь бол Японы хаалганд гоол оруулая, довтлож тоглодог Монголыг харуулая гэж ахлах дасгалжуулагчийнхаа хэлснээр хичээлээ. Гэвч болсонгүй. Хамгийн хүнд үед эрсдэл хүлээж багийг авсан Растислав Бозик дасгалжуулагчдаа, мөн холбоондоо, арын албаны хүмүүст, ерөнхийлөгч А.Ганбаатар таньд багийнхаа нийт тамирчдын өмнөөс БАЯРЛАЛАА гэж хэлье.

Гэвч холбооны ГЕНСЕК маань бидний зүрх сэтгэл, хичээл зүтгэлийг ойлгохгүй байгаа бололтой. Уг нь 2015 онд шинэ удирдлага гараад, сүүлийн жилүүдэд их олон зүйл өөрчлөгдөж, хөгжих боломж, хонгилын үзүүрт асах гэрэл үзэгдэж, дүү нарыг маань сайхан ирээдүй хүлээж байна гэсэн горьдлого төрж эхлэсэн юм. Харамсалтай нь буцаад л 2000 он уруу ухарлаа.

 Биднийг эх нутгаасаа гарахын өмнө Тэрбаатар дарга эх орноосоо урвагч мэтээр албан бичиг өгч, сэтгэл зүйн хүнд байдалтай эх орноосоо гарсан. Урьд өмнө нь ч бас дэд ерөнхийлөгч нь тоглолт наймаалцсан мэтээр гүтгэж доромжилж байлаа. Энэ бол удирдагч хүмүүст байж боломгүй үйлдэл. Бид сарын 1 тэрбум гаруй цалин авдаг тамирчидтай барьцаагүй. Зүгээр л олон хоногоор явахдаа ар гэртээ сэтгэл зовохгүй байх, ганц сарын урамшууллыг хүссэнийхээ төлөө урвагчаараа дуудуулсан.

Ерөнхийлөгч Ганбаатар, урьдны генсек Шижир маань тамирчид 2 ажил хийдэг, хүнд байдалтай байдаг, цалин урамшуулал хангалттай авч чаддагүйг ойлгож бэлтгэл тэмцээнд явахад урамшуулал олгодог болсон. Тиймээс ч бид бүхэн бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулж тухайн үед Зүүн Азийн Аваргын эхний шат, Дэлхийн аваргын эхний шатыг түүхэндээ анх удаа давсан. Харин одоо энэ урамшуулал бидэнд ирэхээ больж байгаа бололтой.

Шинэ ГЕНСЕК ТЭРБААТАР маань өмнө нь ийм байсан, намайг байхад ийм байлаа, тийм байсан, та нар дэндүү даварч байна гэж өмнөх шигшээ багтай харьцуулж эхлэсэн нь утгагүй. Өмнө нь шигшээ багт амьдралаа зориулж байсан ах нар маань одоо бүгд хангалттай сайхан амьдарч чадаж байгаа юу?. Бас бодох л асуудал. Өнөөдөр дэлхий даяар бүх зүйл өөрчлөгдөж, хором мөч бүхэнд хөгжиж байна. Дэлхийтэйгээ хөл нийлүүлж алхмаар байна. Өнөөдөр манай улстай тоглож байгаа ихэнхи улсын тамирчид зөвхөн хөл бөмбөгөө тоглож, мэргэжлийн тамирчид болсон байна. Тиймээс чадлаараа зүтгэж яваа хэдэн тамирчиддаа .... ИХ МӨНГӨ ЗАРЖ ЯВААД ОЛИГТОЙ Ч ТОГЛОЖ ЧАДАХГҮЙ, АРЧААГҮЙ, ЗА АШГҮЙ ОДОО ОЧООД ХУДЛАА ҮНЭН БАЯР ХҮРГЭСЭН БОЛООД ОРХИЁ гэх мэтчилэн тамирчдаа муулж байхын оронд холбооны ГЕНСЕК ТЭРБААТАР та хөл бөмбөгөө яаж илүү хөгжүүлэх вэ? Яаж байнгын бэлтгэлтэй байлгах вэ? Олон улсад хүчтэй өрсөлдөгч болохын тулд яах вэ? Гэдгээ бодож суумаар....

Гэтэл бүгдээс нь хувцас хунарыг нь хураа, пүүзийг нь ав гэх мэт гал тогооны асуудал гаргах гэж дээ. Сая карантинаас гарахад бүх пүүз хувцас хураалаа. Миний сүүлийн тоглолт байж магадгүй гэж бодоод тоглолтын өмсгөлөө нууцаар аваад үлдлээ. Одоо хэдэн он билээ дээ? Өчнөөн өмссөн хувцас, пүүзнүүдийг дараагийн тоглогч нар, дүү нар, хүүхэд залуучууд маань өмсөх үү? Энэ үйл явдал надад хуучин үеийг санагдуулсан юм. 2013 онд өөрсдийн мөнгөөр шигшээгийн тоглогч нар хувцсаа Тэрбаатар даргын дэлгүүрээс авч байсан санагдаж байна. Үнэндээ энэ хэдэн хувцас, гутланд учир байгаа юм биш. Уг нь биднийг эх орноосоо урвагч мэтээр цоллосон хүн өөрөө шигшээ багт тоглож явсныг мартаж болохгүй. Тиймээс ч хөл бөмбөгчний жаргал зовлонг мэдээд дэмжмээр. Гэтэл эсэргээрээ футзалны шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын гэрээг цуцалж, бэлтгэлийг зогсоосон байна лээ. Заалны шигшээ багт амьдралаа зориулсан дасгалжуулагч, тамирчдыг яаа ч гээд байгаа юм. Уг нь энэ заалны хөл бөмбөг чинь манай улсын амжилт гаргах хамгийн ойр төрөл шүү дээ. Хөл бөмбөг гэдэг агуу спорт хүнийг яаж хүмүүжүүлдэг, улс орныг сурталчилдаг гэдгийг огт мэдэхгүй төр засагтай байхад, дээр нь ядаж холбооны ГЕНСЕК нь биднийг ойлгож дэмжих сэтгэлгүй байгаа нь бухимдал төрүүлж байна. Өмнө нь алдаа гаргаж ажлаа өгч байсан та энэ удаад ч бас буруу замаар будаа тээгээд явна уу даа...

За ингээд эцэст нь бид бүхэн хичээсэн шүү гэдгээ ахин хэлье. Бидэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байдаг хөл бөмбөг дэмжигч, албан байгууллага, Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ажилчид та бүхэнд гүн талархал илэрхийлье. Монгол улсын өсвөр үе залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн төлөө 16 жил чин сэтгэлээр зүтгэж ирсэн, зүтгэсээр ч байх болно. Шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал” гэжээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө