Хууль сайжруулах ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар, Л.Энхболд нар “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны ЦООРХОЙГ өмнө нь дэмжиж байв

Хууль сайжруулах ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар, Л.Энхболд нар “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны ЦООРХОЙГ өмнө нь дэмжиж байв

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу эрүүгийн гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацааг хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчлөн найруулснаар авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх хуулийн цоорхойгоор ял завших болсон. 

Тухайлбал, Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр 57,5 сая төгрөг, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга асан А.Аззаяа, Н.Баярсайхан нар 1 тэрбум гаруй төгрөгийг бусдаас хахууль хэлбэрээр авсныг АТГ-аас илрүүлсэн ч тэд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх хуулийн цоорхойгоор ялаас мултарсан явдал байв. 

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2017 онд УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа тус заалтыг баталсан талаар бид өчигдөр мэдээлсэн. ЭНД ДАРЖ үзнэ үү.

-ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ “ЦООРХОЙ”-Г ДЭМЖСЭН ГИШҮҮДЭЭР ХУУЛИЙГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ УДИРДУУЛЖ БОЛОХ УУ-

АТГ-ын бичлэгийн дараахан буюу энэ сарын 2 ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, “хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах” талаар дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. 

УИХ-ын даргын энэ оны наймдугаар сары 02 ны өдөр гарсан захирамж

Тус ажлын хэсгийн ахлагч нь Х.Нямбаатар, ажлын хэсгийн гишүүдээр Ж.Батзандан, Л.Энхболд нарын гишүүдийг томилсон. Харин хамгийн хачирхалтай нь тэд “хөөн хэлэлцэх хугацааг 5 жил” болгон өөрчлөн, найруулах 2017 оны дөрөвдүгээр сарын 25 ны өдрийн байнгын хорооны хуралдааны үеэр тус өөрчлөлтийг дэмжсэн гишүүдээс, Х.Нямбаатар ажлын хэсгийг ахалж, Л.Энхболд ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон нь анхаарал татаж байна.

Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх байнгын хорооны санал хураалт

Хөөн хэлэлцэх хугацааны тухай заалтыг өөрчлөн найруулах үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн саналын томьёололтой хамтдаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйл буюу хөөн хэлэлцэх хугацаа нь дагаж нэмэлт, өөрчлөлт орж байгаа.

Яагаад ингэж орж байгаа вэ гэхээр хөөн хэлэлцэх хугацаа бүх төрлийн хэрэг дээр тодорхой хугацаанд зогсох, тасрах гэсэн ийм ойлголтууд байдаг. Хэрэв энэ өөрчлөлт орохгүй бол хүнийг 20, 30 жил насаар нь шалгах ийм эрх зүйн нөхцөл байдлыг дордуулсан одоо ийм зохицуулалт орж ирэх гээд байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаан дээр бид нар бас оруулж ирж байгаа” гэж байр сууриа илэрхийлж байжээ. Үүнээс харвал хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтийн төслийг Х.Нямбаатар өргөн барьсан уу гэсэн асуулт гарч байна. 

Харин УИХ-ын Л.Энхболд нь ЖДҮХС-аас зээл авч, ББСБ-аар дамжуулж мөнгө угаасан байж болзошгүй гэгдэж буй. Түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагаас ирүүлж байсан удаа байдаг. Тэгвэл энэ хуулийн цоорхойгоор ЖДҮХС-аас хууль бусаар зээл авсан хүмүүс ял завших боломжтой гэлцэж буй. Учир нь тэрээр “Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан. Зээл авсан үйлдэл нь олон удаагийнх бөгөөд ХОМ-тээ, “Ирээдүй инвест” банк бус санхүүгийн байгууллагын тодорхой хувийг эзэмшдэг гэжээ. 

Иймд илт ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдээр хуулийг сайжруулах ажлын хэсгийг ахлуулж, бүрдүүлсэн нь тэдэнд итгэж болох уу гэсэн асуудлыг төрүүлж байна. 

Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг сайжруулах ажлын хэсэгт Х.Нямбаатар, Л.Энхболд нарыг оролцуулах нь зөв үү?

Нийт: 3 саналтай