ТАНИЛЦ: Хүчирхийллийн эсрэг “МeToo” хөдөлгөөнтэй холбоотойгоор ЭМЭГТЭЙ гишүүд ЮУ хэлэв

ТАНИЛЦ: Хүчирхийллийн эсрэг “МeToo” хөдөлгөөнтэй холбоотойгоор ЭМЭГТЭЙ гишүүд ЮУ хэлэв

Нэр бүхий УИХ-ын гишүүнтэй холбоотойгоор хүчирхийллийн эсрэг “МeToo” хөдөлгөөн нийгэм даяар өрнөж байна. Тэгвэл УИХ-ын эмэгтэй гишүүд хүчирхийллийн эсрэг ямар байр суурь илэрхийлснийг та бүхэнд түүвэрлэн хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: БЭЛГИЙН ДАРАМТ БОЛ ЭРХ МЭДЭЛД СУУРИЛСАН ГЭМТ ХЭРЭГ

“Бэлгийн дарамт бол эрх мэдэлд суурилсан гэмт хэрэг. Албан тушаал, алдар хүнд, эд хөрөнгийн давуу талаа ашиглан хохирогчийг бэлгийн дарамтад оруулдаг, хохирогч сэтгэл санаа, нэр төр, ажил амьдралаа золиослоход хүрдэг ноцтой үр дагавартай гэмт хэрэг юм. Нөгөө талаар бэлгийн дарамт нь зөвхөн эмэгтэй ажилтнуудад тулгарах зүйл биш, эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн хохирогч болж болзошгүй асуудал. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь хүний бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрх, эрх чөлөө, бэлгийн болон хувийн халдашгүй байдалд халдсан хүний эрхийн ноцтой зөрчил билээ. Тийм учраас ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудал зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай асуудал, зөвхөн эмэгтэй гишүүд дуугарах ёстой гэж шаардах биш, УИХ-ын гишүүд бүгд дуугарч, хүний эрхийн зүтгэлтнүүд, олон нийт энэ асуудалд анхаарлаа хандуулж, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх нь чухал байна”

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХААНА Ч, ХЭЗЭЭ Ч ТЭВЧИХГҮЙ

“Ээж хүний хувьд, эмэгтэй хүний хувьд бэлгийн, бие мах бодийн, сэтгэл санааны хүчирхийллийг ажлын байранд ч бай, ар гэрт ч бай хаана ч, хэзээ ч тэвчихгүй”

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: АЛИВАА ХЭРГИЙГ ГАРСНЫ ДАРАА ХАРАМСАН, ХАЛАГЛАХ БУС, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

“Арав гаруй жилийн өмнөөс хүчирхийллийн эсрэг ялангуяа хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөж, үзэл бодлоо илэрхийлэн, нийгэмд байгаа бусармаг зүйлтэй тэмцэхэд санаачлан уриалж, дэмжин оролцож ирсэн. Хүчирхийллийн эсрэг Монгол улсын хууль тогтоомжийн зохицуулалт ямар байгаа, орхигдуулсан зохицуулалт байгаа эсэх, хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан ямар зохицуулалт нэмж шаардлагатай байгаа дээр ажиллахаас гадна Улсын Их хурлын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийлгэх, хяналт тавихыг чухалчлан ажиллаж байгаа. Аливаа хэргийг гарсны дараа харамсан халаглахаас илүү урьдчилан сэргийлэх , соён гэгээрүүлэх ажил нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байна"

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: МАНАЙ УЛСЫН ТАВАН ЭМЭГТЭЙ ТУТМЫН НЭГ НЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТДӨГ

“Манай улсын ТАВАН ЭМЭГТЭЙ тутмын НЭГ НЬ ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг ч, зөвхөн АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТСӨН эмэгтэйчүүдийн гэхэд ердөө АРАВ хүрэхгүй хувь нь гомдол гаргаж байгаа нь хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, хариуцлагажуулах, гомдол гаргагчийн эрхийг хамгаалах дархлаа сул байгаагийн илрэл юм. Иймд миний бие ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх, энэ гэмт хэргийг үйлдэгчийн хүлээх хариуцлагыг чангатгах үүднээс ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР ажиллаж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч эмэгтэйчүүдийг хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлье. Хүчирхийлэгчдийг илчилцгээе”

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: БЭЛГИЙН БОЛОН СЭТГЭЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН АСУУДЛЫН ЭСРЭГ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙХ БОЛНО

“Би охин үртэй мянга мянган ээжүүдийн нэг, эмэгтэйчүүдийн байгууллагын зүтгэлтэн, иргэдээ төлөөлсөн УИХ-ын гишүүнийхээ хувьд охид эмэгтэйчүүдийн бэлгийн болоод сэтгэлийн хүчирхийлэлд өртөж байгаа асуудал дээр өөрийн чадах бүхнийг хийж, дуу хоолойгоо өргөж байгаа бүх хүмүүстэй нээлттэй хамтарч, өөрийн хувь нэмрээ оруулж ажиллах болно”.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: АББД-ТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТОДОРХОЙ БОЛГОЖ, САЙЖРУУЛАХААР БОЛСОН

“Ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой асуудал дээр Хөдөлмөрийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийн Байнгын хорооны хуралд дээр АББД-тай холбоотойгоор хатуу хариуцлага хүлээлгэх, маш тодорхой зохицуулалт оруулах асуудлыг Хөдөлмөрийн хуулинд тусгуулахаар санал гаргасан. Энэ дагуу уг хуулийн төслийн ажлын хэсэг дахин ажиллаж, АББД-тай холбоотой зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд тодорхой болгож, сайжруулахаар болсон байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар АББД-д өртсөн ажилтан Хүний Эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах эрхтэй, гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл ХЭҮК тухайн ААН-д шаардлага хүргүүлнэ гэсэн маш ерөнхий тойм зохицуулалттай байдаг. Энэ байдал нь АББД нь далд хэлбэртэй, өртсөн ажилтан нь эрхээ хамгаалах боломжгүй, дарамт үзүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна гэж үзсэн учир Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулинд АББД-тай холбоотой асуудлыг тусгуулахаар УИХ-ын гишүүний хувьд анхаарч ажилласан. Цаашдаа ч илүү анхаарч ажиллах болно”.

Эмэгтэй гишүүд өөрсдийн албан ёсны цахим хуудас болон хувийн хаягаараа дамжуулан байр сууриа ийнхүү илэрхийлжээ. Харин Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам Б.Жаргалмаа, П.Анужин нар одоогоор байр сууриа илэрхийлээгүй байна.