ИРГЭН: Элэгний хатууралтай, хордлогод орсон ахыг минь коронавирусээр нас барсан гэж оношилсон

ИРГЭН: Элэгний хатууралтай, хордлогод орсон ахыг минь коронавирусээр нас барсан гэж оношилсон

Элэгний хатуурал, хордлогын улмаас биеийн байдал нь хүндэрсэн 44 настай иргэн энэ сарын 14-ны өдөр /2021.4.14/ Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд нас барсан харамсалтай үйл явдал гарчээ.

Гэтэл талийгаачийг коронавирусийн хүнд хэлбэрээр өвдөж нас барсан гэх эцсийн онош гаргасантай ар гэрийнхэн нь санал нийлэхгүй байна. Цаашлаад эмнэлгийн ажилчид хүнд суртал гаргаж, яаралтай тусламж үзүүлэлгүй цаг алдсан, талийгаачийг ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй тээвэрлэн авч явж чандарласан гээд хүний эрхийн ноцтой зөрчлийг гаргажээ.

Бас нэг ноцтой асуудал байгаа нь ариутгал, тээвэрлэлт, чандарласны хөлс, тусгаарласан уутны төлбөр гэж хоёр орчим сая төгрөгийг Буян компаниас нэхэмжилж авсан мөртлөө чандрыг гэр бүлийнхнийх нь хүссэн цагт өгөхгүй байгаа аж. Бид уг асуудлаар талийгаачийн төрсөн дүүтэй ярилцаж болсон үйл явдлыг тодрууллаа.

-II ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЦУСААР БӨӨЛЖИЖ БУЙ АХЫГ МИНЬ ШӨНӨ 03:00 ЦАГТ ЦАСАН ШУУРГАНААР ГАРГААД ЯВУУЛСАН БАЙСАН. АХ БАЯНХОШУУ ХҮРТЭЛ АЛХСАНЫ УЛМААС БИЕ НЬ ИЛҮҮ ХҮНДЭРСЭН -

-Ахын тань хувьд элэг нь өвдөж эмнэлэгт хүргэгдсэн ч яаралтай эмчилгээ, үйлчилгээ авч чадалгүй цаг алдсаны улмаас нас барсан гэж та бүхэн хэлсэн. Гэтэл эмнэлгээс коронавирусийн халдварын улмаас нас барсан гэж оношилсон юм байна. Ахад тань чухам ямар үйл явдал тохиолдсон талаар мэдээлэл өгнө үү?

-Миний ах элэгний С вирустэй, хатууралтай хүн. Өнгөрсөн арваннэгдүгээр сар, хоёрдугаар сард уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Эмнэлгээс гарсан ч бие нь дээрдэхгүй, тааруу байсан. Ингээд энэ сарын 11-ны шөнө бие нь муудаж цусаар бөөлжсөн юм. Тухайн үед олон нялх хүүхэдтэй дүүтэйгээ хоёулхнаа байж таарсан. Тиймээс түргэн дуудаад ахыг явуулсан. Ах маань яаралтай түргэн тусламжийн машинаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд очтол ходоодны дуран хийлгэх шаардлагатай гээд II эмнэлэг рүү явуулсан байдаг.

Харин II эмнэлгийн эмч нар “Коронавирусийн PCR шинжилгээний хариутай байх шаардлагатай” гэж шинжилгээ аваад “Хариу нь таны утсанд мессежээр очно. Тэгэхээр хүрээд ирээрэй” гээд шөнийн 03:00 цагт ахыг маань эмнэлгээс гаргасан. Бид үнэхээр гомдолтой байна. Түргэвчилсэн оношлуулаар сөрөг хариутай байсан хүн.

Тусгаарлаж аваад эмчилсэн бол өнөөдөр ах минь амьд байх боломжтой байсан. Хамгийн ноцтой нь шөнийн 03:00 цагт даралт нь их, цусаар бөөлжиж байгаа ахыг минь II эмнэлгийнхэн гаргаад явуулсан. Утас нь цэнэггүй учраас бидэнтэй холбогдож чадахгүй байсан юм байна лээ.  Хэрвээ эмнэлгээс ар гэрийнхэнд нь мэдэгдсэн бол бид очоод ахыгаа авчих байсан. Тэр шөнө ах цасан шуурганаар Баянхошуу руу гэртээ алхаж ирсэн байсан. Такси олдоогүй, шөнө хэн ч явахгүй учраас гэртээ алхаж ирээд биеэ улам хүндрүүлсэн. Хөл дээрээ ч тогтож чадахгүй орж ирсэн байдаг. Ингээд маргааш өглөө нь бид цуглаж ахыгаа II эмнэлэгт хүргэсэн.

-ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ НЬ ХҮНДЭРСЭН АХЫГ МИНЬ КОРОНАВИРУСИЙН ХҮНД ХЭЛБЭРЭЭР НАС БАРСАН ГЭЖ ОНОШИЛСОН-

-Тухайн үед эмч нар юу гэсэн бэ?

-Түргэвчилсэн шинжилгээ авсан. Хариу нь бас л сөрөг гарсан. Бусад шинжилгээний хариуг харна гээд тэр өдөржин мөн эмнэлэгт хүлээлгэсэн. Удалгүй PCR шинжилгээний хариу эерэг гарсан гэж хэлээд Сүхбаатар дүүргийн эмнэлгийн сэхээний тасагт хэвтүүлсэн.

Бидэнтэй огт уулзуулаагүй. Сахиж, асрах ч боломж олгоогүй. Хоёр хоног эмнэлэгт хүнд байж байгаад  14-ны өглөө нас барсан.

Түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд сөрөг гарсан мөртлөө PCR-ын хариу эерэг гарсан нь үнэхээр анхаарал татаж байна. Эмнэлгээс бидэнтэй холбогдоод “14-ны өглөөний 04.00 цагт өнгөрлөө. Талийгаачийг ХӨСҮТ-рүү өгөөд явуулсан” гэдгээс өөр зүйл хэлээгүй. Би эмч нартай нь утсаар холбогдоод нас барсан гэдэг бичгийг нь авъя гэхэд “Манайхаас бичиг өгөхгүй” гэсэн. Ингээд би уйлж, дуулж байж сэхээний тасгийн эмчээс нь нас барсны бичгийг нь авсан. Бид ахыгаа коронавирусээр нас барсан гэж үзэхгүй байна. Онош нь коронавирусийн хүнд хэлбэр гэсэн.

-БУЯН КОМПАНИАС ХОЁР САЯ ОРЧИМ ТӨГРӨГ НЭХЭМЖИЛСЭН. ОДООГ ХҮРТЭЛ ЧАНДРЫГ НЬ АВЧ ЧАДААГҮЙ БАЙНА-

-Талийгаачийг ХӨСҮТ-д аваачсаны дараа “Буян” компанийнхан чандарлаж байгаа гэх мэдээлэл бий. Та бүхэн талийгаачтайгаа салах ёс гүйцэтгэж чадсан уу?

-ХӨСҮТ-ээс авч явсан гэх боловч үгүй байлаа. Шууд Буян компани авч яваад Гачууртад аваачсан байсан. Коронавирусээр өнгөрсөн хүн учир 60 мянган төгрөг өг гэж авсан. Тэр нь талийгаачийг хийсэн уутны төлбөр гэсэн. Тээвэрлэлтийн хөлс 350 мянган төгрөг, ариутгалын хөлс 250 мянган төгрөг, чандарлах хөлс 980 мянга төгрөгийг Буян компаниас нэхэмжилсэн. Бас нэг зүйл хэлэхэд, коронавирусийн халдвар авсан хүмүүст найман сая төгрөгийн эмчилгээ хийж байна гэж юу яриад байна вэ. Тэр бүү хэл Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хоёр хоног хэвтэхэд 90 гаруй мянган төгрөгийн эм, тариа гаднаас авахуулсан шүү дээ.

-Чандрыг нь та бүхэн авч чадсан уу?

-Чандрыг нь авч чадаагүй л байна. Буян компани Улсын онцгой комисстой гэрээ хийсэн байдаг гэнэ. Тэр дагуу ажиллаж байна л гэж хэлсэн. Бидэнд гар утас, эдэлж, хэрэглэж байсан зүйлсээс нь нэгийг ч өгөөгүй. Нас барсан гэх бичгийг нь ч өгөхгүй байхад бид уйлж, дуулж байсан авсан.

-Коронавирусийн хүнд хэлбэр өнгөрсөн гэх онош гарсан та хэллээ. Тэгэхээр та бүхэн ойрын хавьтагчид болно. ХӨСҮТ-ээс ирж та бүхнээс шинжилгээ авсан уу?

-ХӨСҮТ-ээс нэг ч хүн ирээгүй, холбогдоогүй. Бид нар өөрсдөө шинжилгээ өгөхөд бүгдийнх нь сөрөг гарсан. Хэрвээ халдвар авахаар бол аль хэдийн авчихна биз дээ. Коронавирусийн халдвараар нас барлаа гээд сүүлийн үед нэлээн ярих болжээ. Гэхдээ тэдний хэд нь архаг, хууч өвчтэй хүн байгааг мэдмээр байна. Миний хардаж буйгаар архаг, хууч өвчнөөр нас барж буй хүмүүсийг коронавирусээр нас барсан гэж л оношилж байгаа юм байна.

-Талийгаачтай салах ёс гүйцэтгүүлэхгүй байх нь хүний эрхийн ноцтой зөрчил юм. Та бүхэн Хүний эрхийн үндэсний комисст болон холбогдох газруудад хандах уу?

-Нэг дэхь өдөр сүүлчийн замд үднэ. Энэ ажлыг өнгөрсний дараа л шийдвэрээ гаргана. Бас нэг сэтгэл өвтгөж буй зүйл нь ламд үзүүлээд алтан хайрцгийг нь нээлгэхэд ... цагт оршуулаарай гэсэн. Гэтэл Буян компани “Тийм зүйл байхгүй. Бид нар 12.00-15.00 цагийн хооронд өгнө. Тэр хугацаанд ирж аваарай” гэсэн. Бид үнэхээр гомдолтой байна.