“Bulgaris” гэх йогурт нь халдвараас сэргийлнэ гэж мэдэгдсэний дараа дэлгүүрт байсан бүх йогурт зарагджээ

“Bulgaris” гэх йогурт нь халдвараас сэргийлнэ гэж мэдэгдсэний дараа дэлгүүрт байсан бүх йогурт зарагджээ

Өмнөд Солонгосын томоохон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн нэг болох "Namyang Dairy Products"-ийн "Bulgaris" нэртэй йогурт нь коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулна гэх мэдээлэл гарчээ. Тодруулбал, "Namyang Dairy" компанийн дэргэдэх вирусийн эсрэг дархлаа судлалын төвийн дарга Пак Жон Су "Бид сүүн бүтээгдэхүүнүүд нь томуу болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй болохыг олж нээсэн. Бидний туршилтаар "Bulgaris" йогурт нь томуугийн A вирусийг (H1N1) 99.999 хувь устгаж, "Ковид-19"-ийн вирусийг 77.8 хувийн амжилттайгаар устгадаг болох нь тогтоогдсон" гэж мэдэгджээ.

Уг мэдэгдлийн дараа тус компанийн хувьцаа огцом өсөж, бүх дэлгүүрүүдэд байсан уг тараг хэдхэн өдрийн дотор зарагдаж дуусчээ. Харин БНСУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагаас "Энэхүү судалгааны үр дүнгээр тухайн йогурт нь хүний ​​биед байгаа вирусийг устгах чадвартай эсэх нь батлагдаагүй. Тиймээс "Bulgaris" нь цар тахлаас урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэх бодит арга хэмжээ болж чадах эсэхийг хэлэхэд хэцүү байна. Аливаа нэг хүнсний бүтээгдэхүүн нь халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг тогтоохын тулд хүмүүст эмнэлзүйн туршилт хийх шаардлагатай бөгөөд тодорхой хяналт шалгалтыг хийхээс өмнө олон нийтэд зарлаж болохгүй" хэмээн мэдэгджээ.

Харин зарим иргэд тус компаний мэдэгдэлд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнийхээ маркетинг ийм байдлаар хийж болохгүй, энэ йогурт үнэхээр халдвараас сэргийлдэг юм бол вакцин хийлгэх ямар хэрэгтэй юм гэсэн байр суурьтай байгаа юм.

Эх сурвалж: Korea herald