БНХАУ-ыг шүүмжилсэн Хонконгийн идэвхтэнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна

БНХАУ-ыг шүүмжилсэн Хонконгийн идэвхтэнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна

Хонконгийн ардчиллыг дэмжигч хэвлэл мэдээллийн магнат Жимми Лайг хууль бус жагсаал зохион байгуулсан хэргээр шүүж, 14 сарын хорих ял оноожээ. Өдгөө 73 настай түүнийг 2019 онд ардчиллыг дэмжсэн жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр 2020 оны арванхоёрдугаар сард баривчлаад байсан юм. 

Шүүхээс Жимми Лайд 2019 оны наймдугаар сарын 18-нд жагсаал зохион байгуулсан хэргээр 12 сар, мөн наймдугаар сарын 31-нд зохион байгуулсан хэргээр найман сарын хорих ялыг тус тус оноосон байна. Улмаар зургаан сарыг нь хасаж 14 сар болгожээ. 

Гэхдээ түүнд дахин зургаан хэрэг үүсгэж, шүүх юм байна. Үүнээс нь хоёрт нь тус улсын Үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу ял ногдуулах бөгөөд бүх насаар нь хорьж болзошгүй байна.

Энэ долоо хоногийн эхээр Жимми Лай шоронгоос "Apple Daily" сонинд өөрийн гараар бичсэн захидлаа нийтлүүлсэн. Захидалд “Шударга ёсыг эрэлхийлэх нь сэтгүүлч бидний үүрэг хариуцлага юм. Бид шударга бус зүйлд уруу татагдан орж сохрохгүйн төлөө хичээх ёстой” гэжээ.

Жимми Лай гэж хэн бэ. Лай бол Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөний хамгийн нэр хүндтэй дэмжигчдийн нэг. БНХАУ-ыг зоригтой шүүмжлэгч.

Түүнийг 1 тэрбум доллараас дээш хөрөнгөтэй гэж тооцоолдог. Анхныхаа хөрөнгө оруулалтыг тэр хувцас үйлдвэрлэлийн салбарт хийж, дараа нь хэвлэл мэдээллийн бизнест орж, “Next Digital” компанийг байгуулжээ.

“Next Digital” Хонконг болон Хятадын эх газрын удирдлагыг зоригтой шүүмжилдэг, олон уншигчтай “Apple Daily” сонинг эрхлэн гаргадаг компани. Хонконгийн иргэд Лайг баатар хэмээн өргөмжилдөг бол БНХАУ-ын Засгийн газар үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч, урвагч гэж үздэг. 

Эх сурвалж: CNN