В.Путин АНУ-ын найман албан тушаалтанд хориг тавьж, дипломат ажилтнуудыг нь хөөв

В.Путин АНУ-ын найман албан тушаалтанд хориг тавьж, дипломат ажилтнуудыг нь хөөв

Хоёр хоногийн өмнө /2021.04.14/ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ОХУ-ыг кибер халдлага, сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого хийсэн гэх үндэслэлээр хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн эсрэг эдийн засгийн шинэ хориг зарлаж, 10 дипломатчийг нь нутаг дэвсгэрээсээ хөөсөн билээ. 

Үүний дараа Кремль АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд болох Холбооны мөрдөх товчооны дарга Кристофер Рэй, Үндэсний тагнуулын газрын захирал Аврил Хайнс нарт визний хориг арга хэмжээ авлаа.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр /2021.04.15/ “АНУ-ын 10 дипломатчийг хөөж, манай улсад үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын ашгийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж, Америкийн дипломатууд болон дипломат заставуудад шинэ хязгаарлалт тогтоож, АНУ-ын бизнес эрхлэгчдийн эсрэг хариу арга хэмжээ авна” гэжээ. 

Жо Байден Оросын төв банк болон бусад санхүүгийн байгууллагаас шинээр гаргасан рублийн бондыг худалдаж авахыг Америкийн компаниудад хориглосон. Энэ мэт шийдвэрээс болж хоёр орны харилцаа хурцадмал байдалд шилжээд байна. 

Өнгөрсөн сард Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг "алуурчин" гэж хэлсний дараа АНУ-д суугаа ОХУ-ын элчин сайд Москвад буцаж ирсэн. 

АНУ-ын төрийн департамент өчигдөр гаргасан мэдэгдэлдээ Оросын хариу арга хэмжээнд харамсаж байгаагаа илэрхийлээд “Зөрчлийг улам хурцатгах цуврал алхам хийх нь манай сонирхол биш. Бид зөвхөн Оросын талын буруу үйлдэлд хариуг нь өгсөн” гэсэн юм. Мөн Байден хориг арга хэмжээ авсан ч В.Путинтай уулзаж, хоёр орны харилцааг сайжураалах талаар ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэвч Оросын талаас ойрын хугацаанд уулзалт зохион байгуулах боломжгүй гэсэн байр суурьтай байна.  

Эх сурвалж: CNN