Монголын эмэгтэй бөхчүүд анх удаа багаараа Ази тивд тэргүүллээ

Монголын эмэгтэй бөхчүүд анх удаа багаараа Ази тивд тэргүүллээ

Ази тивийн 2021 оны эмэгтэйчүүдийн бөхийн аварга шалгаруулах тэмцээн Алматы хотын “Балуан Шолак” аренад болж, Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө 1 хүрэл, нийт 7 медальтай багаараа анх удаа тэргүүллээ.

Энэ удаа эмэгтэйчүүдын 55 кг-д Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг нар түрүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Харин 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор, 62 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар мөнгөн медалийн эзэд болов. Мөн 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Япон, БНХАУ, БНАСАУ эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн тивийн аваргыг өнжсөнөөр Монголын эмэгтэй бөхчүүд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүлэв. Монголын багаас 5 оноо дутсан Энэтхэгийн бөхчүүд /4 алт+1 мөнгө+2 хүрэл/ аман хүзүүдэж, зохион байгуулагч орон Казахстан /2+1+4/ 156 оноогоор 3 дугаар байрт шалгарав гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлсан юм.

Ази тивийн АШТ өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилж 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанууд болно.