Засгийн газрын гишүүд вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн асуудалд “Улс төр орно” гэж Л.Оюун-Эрдэнэ уурлажээ

Засгийн газрын гишүүд вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн асуудалд “Улс төр орно” гэж Л.Оюун-Эрдэнэ уурлажээ

Өнгөрсөн лхагва гараг /2021.04.14/-ийн Засгийн газрын хуралдаан нэлээн ширүүхэн болж, энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ тэргүүтэй сайд нар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж хатуухан үг хэлж, уурласан гэх мэдээлэл байна. 

-ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮД ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭЖЭЭ-

Учир нь Л.Оюун-Эрдэнэ сайд, “Хөл хорио вакцинжуулалтгүй, ямар нэг дэмжлэггүй байх нь эдийн засагт хортой гэдгийг онцолж, Засгийн газар, Улсын онцгой комисс 2021 оны тавдугаар сарын 1-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг вакцины эхний тунд, 50-иас доошгүй хувийг хоёр дахь тунд хамруулна” гэж мэдэгдсэн. Гэтэл түүний энэ мэдэгдлийн дараахан “хөл хорионы хугацаанд вакцинжуулалтыг хойшлуулж байна” гэж ЭМЯ-наас мэдээлсэн билээ. 

Учир нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд “вакцины татан авалт тасрахгүй” гэсэн мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгч байсан ч, энэ нь ажил хэрэг болж чадаагүй ажээ. 

Иймд тэрээр лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны үеэр С.Энхболд сайдад хандаж “чиний яриад байсан амлалт яасан. Оруулж ирж чадахгүй юм бол яах гэж вакцины хоёр дахь тунг тарьсан юм. Удахгүй энэ асуудалд улс төр орчихно” гэсэн утгатай зүйлийг ярьж уурласан байна. Мөн зарим сайд нар ч “бидэнд яах гэж хоёр тунг хийсэн юм бэ” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболдод уурлажээ. 

-ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮД ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭЖЭЭ-

Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Би Оросын вакцины хоёр дахь тунг хийлгэсэн. Яах ч үгүй л байлээ. Миний таньдаг хүмүүс астраЗенека ч хийлгэсэн, урд айлын вакцин ч хийлгэсэн. Бүгд хэвийн явж байна” гэж өгүүлсэн. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн жолооч, БШУ-ны сайд Б.Энх-Амгалангийн туслах коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээлэл байгаа ч, Засгийн газрын хоёр сайдаас халдвар илэрсэн гэх мэдээлэл гараагүй юм. Цаашлаад УИХ-ын гишүүн С.Чинзориг, Э.Бат-Амгалан, Б.Баттөмөр нарын туслахууд коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл бий. Энэ нь Засгийн газар, УИХ-ын зарим гишүүд энгийн иргэдээсээ түрүүлээд коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэж давуу эрх эдэлсэн гэх хардлагыг төрүүлж байгаа юм. 

Тодруулбал, Хувь хүний нууцын тухай хуулийн 2.2 -д “эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг ойлгоно” гэж заасан байдаг. Иймд коронавирусийн халдвар авсан иргэний мэдээлэл “хувь хүний нууц”-д хамаарахгүй байх талтай байгаа юм.  Мөн вакцины хоёр тунд хамрагдсан иргэд vis.health.gov.mn веб сайтад хандаж вакцинд хамрагдсан паспортоо татаж авах ажээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.