АНУ, Японы удирдагчид Хойд Солонгосын цөмийн зэвсгийн эсрэг БНСУ-тай хамтран ажиллахаа мэдэгдлээ

АНУ, Японы удирдагчид Хойд Солонгосын цөмийн зэвсгийн эсрэг БНСУ-тай хамтран ажиллахаа мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Баасан гарагт/2021.04.16/ Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сугатай  Энэтхэг-Номхон далайн бүс нутаг, БНХАУ-ын эсрэг баримтлах бодлого, Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаар ярилцжээ.  

Хуралдааны дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга “Хойд Солонгосын үй олноор хөнөөх бүх зэвсгийг буулгах, тэдний зэвсгийг шалгаж, баталгаажуулах, зэвсгээс нь салгах чиглэлээр бид хамтран ажиллах болно” гэжээ. 

Түүнчлэн тэрбээр Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллахын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн байна. 

Харин Жо Байден “Бид Хятадаас ирж буй сорилт бэрхшээлийг даван туулах, Зүүн, Өмнөд Хятадын тэнгис, Энэтхэг Номхон далайн бүс нутгийн нээлттэй байдал хийгээд Хойд Солонгосын цөмийг зэвсгийн асуудлаар ярилцлаа. Цаашид хоёр орон уг асуудлуудыг шийдэхэд хамтран ажиллах болно” хэмээсэн байна. 

Цагаан ордонд болсон уулзалт нь 1-р сарын 20-нд ажлаа авснаас хойших Байдены гадаад удирдагчтай хийсэн анхны биечилсэн уулзалт боллоо. АНУ-ын удирдагч ирэх сард Вашингтонд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх гэж байна.

Эх сурвалж: Koreatimes