ТОДРУУЛГА: Хатуу хөл хориог сунгах төлөвтэй байна

ТОДРУУЛГА: Хатуу хөл хориог сунгах төлөвтэй байна

04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод байна. 

Тэгвэл 15 хоногийн хатуу хөл хорио энэ долоо хоногийн ням гараг /2021.04.25/ -т дуусаж байна. Харин коронавирусийн халдвар авсан иргэд өдөрт мянга гаруй бүртгэгдэж, нас баралт нэмэгдэх төлөвтэй болоод байна. Тухайлбал, өнгөрөгч долоо хоног /2021.04.12-18/-ийн хугацаанд улсын хэмжээнд 6966 иргэн халдвар авсны 90 хувь нь Улаанбаатар хотод байгаа юм. Харамсалтай нь сүүлийн долоо хоногт коронавирусийн улмаас 22 хүн амиа алдаад байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Харин ЭМЯ болон ХӨСҮТ-өөс хөл хориог үргэлжлүүлэх саналтай буйгаа мэдэгдэж байгаа юм. Тодруулбал, “ХӨСҮТ, ЭМЯ анхнаасаа 28 хоногийн хөл хорио тогтоох саналтай байсан. Хөл хорио тогтоохгүйгээр халдварын тархалтыг зогсоох ямар ч боломжгүй” гэж ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдэгдсэн.

Иймд нийслэлд тогтоосон хөл хориог дахин 14 хоног сунгах саналыг ЭМЯ-наас УОК-т гаргаж магадгүй байна. Ямартай ч ЭМЯ-ны саналыг УОК хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд оруулах ёстой.  

Тэгвэл хөл хориог цаашид үргэлжлүүлэхийг Засгийн газар дэмжиж магадлалтай байна. Учир нь ирэх ням гарагт дуусах нийслэлд тогтоосон хатуу хөл хориог үргэлжлүүлэх эсэх асуудлаар албан эх сурвалжаас тодруулахад, “Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хөл хориог цаашид үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Ер нь хөл хориог сунгах төлөвтэй байна” гэсэн юм. Мөн Засгийн газрын хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг “энэ долоо хоногт вакцинууд буух тул Синофармын давтан тунг долоо хоногийн сүүлээр хийнэ. “АстраЗенека” вакцины хоёр дахь тунг таслахгүй хийж буй” гэж мэдэгдсэн.