10 настай унаач хүүг зодсон хэрэгт аймгийн алдарт М-г эрэн хайж байгаа ажээ

10 настай унаач хүүг зодсон хэрэгт аймгийн алдарт М-г эрэн хайж байгаа ажээ

Энэ сарын 9-ний өдөр Төв аймгийн Баяндмань суманд болсон овооны наадамд хурдан морь унаж уралдсан 10 настай хүүхдийг “Морь түрүүлгэсэнгүй” гэх шалтгаанаар уяач нь согтуурсан үедээ ташуураар зодож хүнд гэмтэл учруулсан гэх ноцтой мэдээлэл нийгэмд тархсан.

Тодруулбал, наймдугаар сарын 8-ны оройн 22 цагийн орчимд Сонгинохайран дүүргийн газар нутаг 61-ийн гарам орчмын газарт өөр айлын нэр дээр морь унадаг 10 настай унаач хүү нуруун дээрээ ташуурын олон сорвитой, гараа хугалсан байдалтай унаа хүлээн ээж, ахын хамт зогсож байсныг иргэн Ө машиндаа суулган, гэмтлийн эмнэлэгт /ГССҮТ/ хүргэж өгчээ.

-МОРЬ НЬ ТҮРҮҮЛЭЭГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ХҮҮГ ТАШУУРААР ЗОДСОН-

Хүүг унасан мориных нь уяач М гэгч, овооны наадамд морь нт түрүүлээгүйн улмаас ийнхүү хүүг зоджээ. Ингэхдээ  гэрийнхээ хажуугийн байшинд оруулан хаалгыг нь хааж байгаад зодсон байна. Азаар хүү зугтаж гарч, гүйсээр гэрийнхэнтэйгээ холбоо барьж, дуудсан бөгөөд ээж, ах нар нь хүүг очиж авсан байна. Хүүгийн гар хугарсан бөгөөд толгой руу нь ташуурдсаны улмаас толгой болон нуруу хэсгээр маш их зовууртай байгаа ажээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Төв аймагт болсон Овооны гэх морин уралдаан өөрөө хууль бус байсан. Дахиж уралдаан зохион байгуулахгүй гэсэн захирамж гарчихсан байхад зохион байгуулсан гэх мэдээлэл байна. Бид мэдээллийг нягталж шалгаад ирэх даваа гарагт нийтэд мэдээлнэ гэв.

Тухайн уралдааны явцад хүүгийн морь халтирч, өөр морьтой мөргөлдсөнөөс болж барианд долоод орж ирсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Уяач М гэгч, хүүтэй “дараа жил морь унуулах гэрээ байгуулна” гэж хэлээд ямар нэг төлбөр мөнгө өгөөгүй аж. 

Хүү энэ жил тавдугаар ангид орох бөгөөд аав, ээж, нэг ах, нэг дүүгийн хамт амьдардаг аж. 

Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодруулахад,“Цахим орчинд энэ талаарх мэдээлэл цацагдсан даруйд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Уралдаанч хүүхдийг зодсон гэх асуудал овооны наадам байсан учраас бидний хяналтад орохгүйгээр болсон байна. Энэхүү мэдээллийг сайтар нягталж холбогдох бүх мэдээллийг цуглуулж байна. ГССҮТ болон Цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Мөн Төв аймагтай холбогдоход албан ёсны баяр наадам, морин уралдаанууд дууссан гэдэг мэдээллийг өгсөн” гэлээ.

Мөн олон нийтийн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллага тус хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд бага насны хүүхдийн биед санаатайгаар гэмтэл учруулсан хэрэгт Төв аймгийн харъяат М-ийг буруутган, эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

У.УРАНЦЭЦЭГ




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө