ТАНИЛЦ: Дэлхийд цаазаар авах ялын гүйцэтгэлээр БНХАУ тэргүүтэй ТАВАН улс “тэргүүлэв”

ТАНИЛЦ: Дэлхийд цаазаар авах ялын гүйцэтгэлээр БНХАУ тэргүүтэй ТАВАН улс “тэргүүлэв”

“Эмнести Интернэшнл” хүний эрхийн байгууллагаас өчигдөр/2021.04.20/ 2020 оны дэлхийн улс орнуудын цаазын ялын гүйцэтгэлийн тайланг танилцуулжээ.  

Уг тайланд дурдсанаар өнгөрсөн онд хамгийн их цаазаар авах ял гүйцэтгэсэн таван орны дөрөв нь Ойрх Дорнодын орон байна. Тодруулбал, Иран, Египет, Ирак, Саудын Араб 2020 онд нийт 483 цаазаар авах ял гүйцэтгэжээ.

Энэ нь мөн онд дэлхийн хэмжээнд гүйцэтгэсэн цаазаар авах ялын 88 хувь аж. Харин манай урд хөрш БНХАУ цаазын ялын гүйцэтгэлээр дээр дурдсан дөрвөн орны урд бичигдэж байна. Тус улс 2019 онд гэхэд 657 цаазаар авах ялыг гүйцэтгэжээ. 

“Эмнести Интернэшнл”-ээс гаргасан тайлангийн үр дүнгээс онцлох баримтуудыг хүргэе. 

Ойрх Дорнод, Хойд Африкт гүйцэтгэгдсэн нийт цаазаар авах ялын тоо 2019 онд 579 байсан бол 2020 онд 437 болж буурчээ. Үүнд,  Саудын Арабт цаазаар авах ялын гүйцэтгэл 85 хувиар, Иракт 50 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. 

Харин Египетэд эсрэгээрээ цаазын ялын гүйцэтгэл өмнөх оноос 300 хувиар өсөж, 107 хүн амиа алдсан байна. Цаазын ялаар шийтгүүлсэн 107 хүний 23 нь улс төрийн хүчирхийлэлтэй холбоотой хэргээр яллагдсан бөгөөд шударга бус шүүх хурал болсон гэж уг тайланд дурджээ. Арав болон, арваннэгдүгээр сард гэхэд л тус улсын Аль-Акраб шоронд 57 хүн цаазаар авахуулсан байна. 

2013-2019 онд цаазын ял гүйцэтгэсэн орнууд

Иран улсын хувьд 2020 онд 246 цаазын ялыг гүйцэтгэснээр дэлхийн хэмжээнд БНХАУ-ын араас бичигдэж байна. Ираны эрх баригчид цаазаар авах ялыг эсэргүүцэгчид, үндэстний цөөнхийн бүлгийн гишүүдийн эсрэг цаазын ялыг "улс төрийн хэлмэгдүүлэлтийн зэвсэг" болгон ашиглах нь улам бүр нэмэгдэж байгааг Эмнести онцлов. Мөн Иран Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг зөрчиж, 18 нас хүрээгүй гурван иргэнийг цаазаар авчээ. 

Харин Саудын Арабад цаазаар авах ялын гүйцэтгэл буурчээ. Үүнийг хар тамхитай холбоотой хэргийг цаазын ялаас түдгэлзүүлсэнтэй холбон тайлбарлаж байна. 

Эх сурвалж: Amnesty International