АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь “иргэдийг блоклодоггүй байна” гэж шаардлагад тусгажээ

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь “иргэдийг блоклодоггүй байна” гэж шаардлагад тусгажээ

Өнөөдөр /2021.04.21/ М.Тулгат тэргүүтэй АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/хуралдаж, ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг сонгон шалгаруулах нийтлэг шаардлагыг баталсан байна. 

-Х.БАТТУЛГА ШИГ ХҮНИЙГ ДАХИН НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ ГЭЖ АН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ ШААРДЛАГЫГ БАТАЛЖЭЭ-

Журмыг боловсруулсан ажлын хэсэг танилцуулах үеэрээ “АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга “цаазын ялыг сэргээх, Ерөнхийлөгчийн засаглалтай болох, гаднын хөрөнгө оруулалтыг гаргах” зэрэг манай намын үзэл баримтлалын эсрэг ажилласан тул дахин ийм хүнийг АН-аас нэр дэвшүүлэхгүй тулд энэ журмыг боловсруулсан гэдгийг онцолсон байна. Ингээд “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч” нь дараах шаардлагыг хангасан байх ёстой гэж ҮБХ-ны хорооны ихэнх гишүүд нь үзсэн байна.

АН-аас нэр дэвшигч нь дараах зарчмыг баримталж ажиллана

  1. Хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ямар нэг санал, санаачилга гаргахгүй байна
  2. Хувийн өмчийн эсрэг үг, үйлдэл, санал, санаачлаг гаргахгүй байна
  3. Парламентын засаглалыг тууштай хамгаалагч байна
  4. Хүн төрөлхтний нийтлэг ололт болсон “Цаазын ялыг устгасан хууль”-ийг сэргээх санал, санаачлаг гаргахгүй байна
  5. Гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжигч байна

АН-аас нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна

  1. Хууль бусаар хөрөнгөжөөгүй, орлогын аливаа эх үүсвэр нь тодорхой байна
  2. Монголын болон Монгол туургатны ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна
  3. Монгол бичгээ эрхэмлэн дээдэлдэг байна
  4. Түүх, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэгч, тээгч байна

АН-аас нэр дэвшигч нь дараах үүргийг хүлээнэ 

  1. Нийгмийн сүлжээнд иргэдийг блоклодоггүй байна
  2. Хүний эрхийн өндөр мэдрэмжтэй байна
  3. Сайн дурын үйл ажиллагааг ямагт дэмжигч байна
  4. Ажлын албаа хүйсийн тэнцвэртэй байдлыг тэгш хангах зарчмаар байгуулна

зэргийг дурджээ.




Өнөөдөр үхэр өдөр

34 минутын өмнө