“Токио 2020” наадмаас Монгол улс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэсэн олон улсын судалгаа гарчээ

“Токио 2020” наадмаас Монгол улс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэсэн олон улсын судалгаа гарчээ

“Gracenote” олон улсын спортын судалгааны компаниас “Токио-2020” олимпийн наадмын медалийн хүснэгтийг урьдчилан тооцоолжээ. Тус судалгааны компани нь 2018 оны өвлийн олимп болон 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадмын өмнөхөн урьдчилсан таамаглалаа танилцуулж байсан бөгөөд медалийн тоогоороо тэргүүлэх гурван улсыг зөв тооцоолж байсан аж.

Харин саяхан гаргасан судалгааны дүнгээс харвал “Токио 2020” олимпийн наадамд  АНУ-ын баг тамирчид 43 алт, 30 мөнгө, 41 хүрэл медаль гээд нийт 114 медаль авах боломжтой харин тэдний араас БНХАУ-ыг 85 медаль авна гэж тооцсон бол гуравдугаар байранд ОХУ-г 73 медаль хүртэнэ гэж гарчээ. Харин манай улсын хувьд нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэсэн тооцооллыг гаргасан байна. Тодруулбал, жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэгийг хүрэл, эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатарыг мөнгөн медаль хүртэнэ гэж тус тус үзжээ.

Гэсэн хэдий ч судалгааны багийнхны зүгээс “Энэ бол зүгээр л өгөгдөл дээр суурилсан тооцоолол. Яг тэмцээний өдөр тамирчид илүү амжилт үзүүлж эсвэл тааруу байж болно” гэж мэдэгджээ. Мөн уг судалгаанд боксын төрөлд манай улсын тамирчин Э.Цэндбаатарыг хагас хөнгөн жинд өрсөлдвөл тавдугаар байрт, хөнгөн жинд өрсөлдвөл зургадугаар байрт орно гэж гарчээ.  "Gracenote" байгууллага гурван сар тутам тооцооллоо шинэчилдэг бөгөөд дараагийн урьдчилсан таамаглалаа долдугаар сарын эхээр танилцуулах гэнэ.

Судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.