АНУ-ын Агаарын цэргийн нисэх хүчинд алба хаадаг Монгол бүсгүй Г.Гантуяатай ярилцлаа

АНУ-ын Агаарын цэргийн нисэх хүчинд алба хаадаг Монгол бүсгүй Г.Гантуяатай ярилцлаа

АНУ-ын Агаарын цэргийн нисэх хүчинд алба хаадаг Монгол бүсгүй Г.Гантуяатай ярилцлаа. 

-ЭНДЭХИЙН ИРГЭН БИШ ЮМ ЧИНЬ АРМИД НЬ ТЭНЦЭХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ГЭЖ БОДСОН ШҮҮ-

-“АНУ-ын агаарын цэргийн нисэх хүчинд алба хаадаг монгол бүсгүй” гэсэн тайлбартай таны тухай товч мэдээллүүд цахим орчинд хөвөрч олны хайр хүндлэлийг хүлээгээд буй. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Улаанбаатар хотын гуравдугаар төрөх эмнэлэгт мэндэлж, хотоос 40 гаруй км зайд Төр хурахын аманд өсөж торнисон. Миний дурсамж дүүрэн бага нас тэнд л өнгөрсөн байдаг юм. Арван жилийн сургуулиа төгсөөд “Орхон” их сургуульд хэлний чиглэлийн мэргэжил эзэмшсэн. Ингээд "Үйлдвэр урлалын сургууль"-д ажиллаж байгаад АНУ-ыг зорьж байлаа.

-АНУ-ыг анх хэзээ зорьж байв, сурахаар эх орноо орхин гарч байв уу?

-Анх 2012 оны хоёрдугаар сард АНУ-д ирж байлаа. Энд сурахаар ирээгүй. Ахынхаа саналаар АНУ руу гарах ногоон картын сугалаагаар бүртгүүлж сонгогдоод ирсэн дээ.

-Дэлхийн хамгийн хүчирхэг хүчин болох АНУ-ын Агаарын цэргийн нисэх хүчинд ажилд орж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу. Анх ямар шалгуураар хэрхэн тэнцэж, орж байв?

-Анх дунд сургуулиа төгсөөд цагдаа юм уу цэргийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, ажиллах сонирхолтой байсан. Харамсалтай нь хүссэн сургуульдаа орж чадаагүй юм. Ингээд 2012 онд АНУ-д ирж, энд цагийн ажил хийдэг байлаа. Нэг өдөр ажил дээрээ сууж байтал телевизээр “АНУ-ын цэргийн алба хаагчид Афганистанд албаа хаагаад ирлээ” гэдэг мэдээ гарсан. Тухайн үед би "Ингэхэд АНУ-ын армид хэрхэн яаж цэрэг болж ордог юм бол” гэж сонирхон гүүглээс хайж, судалж үзсэн. Гэтэл байнгын оршин суугч юм уу иргэн байх, тестээр шалгалт өгөх гэсэн гуравхан үндсэн шалгуур хардаг юм байна лээ. Тухайн үед би иргэн биш байнгын оршин суугч байсан. Тэгээд “Эндэхийн иргэн биш юм чинь тэнцэхгүй байлгүй дээ” гэж бодсон ч “Шалгалтыг нь өгөөд үзье, тэнцэх ч юм бил үү” гэж өөрийгөө зоригжуулсан. Ингээд шалгалт өгч, бие бялдраа бас шалгуулснаар тэнцэж байсан юм. Тэнцэхээсээ өмнө миний мөрөөдөл дурсамж болон үлдэх байх даа гэж бодож байсан шүү.

-Одоо хичнээн жил ажиллаж байна вэ, ямар цолтой вэ?

-2015 оноос ажиллаж эхэлсэн. Одоо дөрөв дэхь жилдээ ажиллаж байна. Ахлах ахлагч цолтой дүйцэхүйц цолтой. Бид цол, албан тушаалаа олон нийтэд ил нээлттэй хэлэх нь хориотой байдаг юм.

-АНУ-ЫН АРМИД МОНГОЛ ХҮМҮҮС АЛБА ХААДАГ-

-Цэргийн хүн болох хүсэл мөрөөдлөө харь нутагт ирээд биелүүлсэн түүх тань сонирхолтой санагдлаа. Та АНУ-ыг зорьж цэргийн хүн болохоос өмнө Монголдоо юу хийж байв?

-Үйлдвэр урлалын дээд сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан юм. Багаасаа цэргийн хүн болохыг мөрөөдөж байсан ч, гадаадад ирээд мөрөөдлөө биелүүлнэ гэдэг миний хувьд санаанд оромгүй гэнэтийн зүйл байсан. /инээв.сурв/ Манай удамд цэрэг цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байхгүй. Гэхдээ надад дүрэмт хувцас өмсөж, цэргийн хүн болох нь их л сайхан санагддаг байсан даа. Би гурван ах, нэг эрэгтэй дүүтэй. Эрчүүдтэй тоглож наадаж өссөн маань ч энэ чиглэлийн сонирхолтой болоход нөлөөлсөн байх гэж боддог шүү.

-АНУ-ын хүчирхэг армид эмэгтэй алба хаагчид хэр олон байдаг вэ?

-Манай албаны 30 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Харин агаарын нисэх хүчин гэлтгүй, тус улсын армид монголын 20 гаруй хүн алба хаадаг юм билээ. Усан цэрэг, агаарын нисэх хүчин болон армид цөөнгүй хүмүүс алба хаадаг. Офицер цолтой ч хүн бий, эмэгтэйчүүд нилээдгүй байгаа.

-Эмэгтэй хүн гадаадын цэргийн хүчинд зүтгэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Анх хэцүү бэрхшээлүүд олон тохиолдож байсан байх. Тэр бүхнийг хэрхэн даван туулж байв. Дөрвөн жилийн өмнөх дурсамжаа сөхвөл?

-Хэцүү бэрхшээл тулгарч байгаагүй. Энэ чиглэлийн мэдээллийг өмнө нь өөрөө судалж үзээд хангалттай сайн авчихсан байсан. Би Монгол хүн учраас мэдэхгүй чадахгүй зүйл олон байсан л даа. Гэхдээ үлдэж хоцрохгүйн тулд анхаарлаа хандуулж, хоёр чихээ байнгын нээлттэй сайн ажиллуулсан гэх үү дээ. /инээв.сурв/ Нэгэнт л боломж гарч ирсэн учраас түүнийг тултал сайн ашиглах ёстой. Өмнө нь гүйж харайдаг байгаагүй. Мөрөөдөл минь биелж эхлэнгүүт өмнөө зорилго тавьсан. Тэгээд гүйхээс эхлээд бэлтгэл сургуулилт хийдэг болсон.

-Нутаг ус, бага насныхаа гэгээн сайхан дурсамжаас бидэнтэй хуваалцахгүй юу. Ингэхэд багадаа ямар хүүхэд байв?

-Миний бага нас Төр хурахын аманд, Хонхорт өнгөрсөн. Ах, дүү нартайгаа гүйж харайгаад л Богд ууланд жимс, самар түүж, үхэр мал хөөдөг хүүхэд байлаа. Одоо бодоход тэр бага нас хамгийн жаргалтай сайхан байж. Ээж минь Хонхор өртөөний төмөр замд замчин хийдэг байлаа. Харин аав маань хувьдаа жижиг тэрэгтэй, түүгээрээ тээвэр хийдэг байлаа. Хонхорын настай хүмүүсийн түлээ модыг дөхүүлж өгнө.

Энэ том гүрнийг анх киноноос л харж төсөөлж байсан. Энд ирэхэд үеэл маань тоссон юм. Анх ирээд "Нөгөө кинонд гардаг өндөр барилгууд хаана байна вэ" гэж үеэлээсээ асууж байсан шүү. /инээв.сурв/ Америкийн тухай огт өөр төсөөлөлтэй ирж байсан даа.

-48 МУЖИЙН ХАМГИЙН ӨНДӨР ОРГИЛД ЭХ ОРНЫХОО АЛТАН СОЁМБОТ ДАЛБААГ МАНДУУЛЖ БАЙЛАА-

-Хол ойрын олон марафонд албаа төлөөлөн гүйж олон нэр хүндтэй шагналын эзэн болсон юм билээ. Ямар уралдаан тэмцээн оролцож ямар амжилтуудыг гаргаж байв?

-Агаарын нисэх хүчний алба хаагч бие бялдрын хувьд сайн байх ёстой. Нисэх хүчинд алба хааж эхэлснээс хойш гүйлтээр хичээллэж, одоо бүр дуртай зүйлсийн минь нэг хэсэг болсон шүү. Ажлынхаа хажуугаар зав чөлөө гаргаж заавал гүйж байдаг болсон. Нисэх хүчний нэрэмжит марафон жил бүр зохион байгуулагддаг юм. Тэр тэмцээнд өөр орны хүмүүс ч маш ихээр ирж оролцдог.  

-Алтан соёмбот төрийн далбаагаа Америкийн нэгдсэн улсын 48 мужийн хамгийн өндөр оргил Mount Whitney (4,421 м) дээр мандуулж байсан юм билээ. Уулын спортоор хичээллэдэг үү?

-Уулын спортоор хичээллэдэггүй. Сонирхолдоо хөтлөгдөж хааяа ууланд гардаг. Сан Францискод амьдардаг Монголчууд “Nomadic hiking” клубд нэгдэж хоёр долоо хоногт нэг удаа байгальд гарч, аялцгаадаг юм. Байгальд өссөн бага насаа дурсаж, эх орноо санахаараа монголчуудтайгаа нэгдэж ийш тийш аялахыг хичээдэг. Энэхүү клубыг анх 2013 онд н.Түвшинтөр ах, н.Загдсүрэн эгч нар хамтран байгуулж байсан юм билээ. Одоо их нэр хүндтэй, сайхан клуб болчихсон үйл ажиллагаа явуулж байна. Тэд хүмүүсийг байгаль дэлхийд аялахыг уриалдаг.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

-АНУ-д нөхөртэйгээ хамт амьдардаг. Бид АНУ-ын агаарын цэргийн нисэх хүчинд анх танилцаж байсан юм. Тэнд надтай цуг ажилладаг байж байгаад одоо Үйлдвэр инженерийн чиглэлээр сурч байна. Нисэх хүчинд холбооны чиглэлээр ажилладаг байсан.

-Эх орондоо ирэн очин байдаг уу, хамгийн сүүлд хэзээ ирэв. Эх орноо дотроо санахаараа ямраар төсөөлдөг вэ?

-Хамгийн сүүлд 2017 онд эх орондоо очсон. Таван жилийн дараа очиход Монгол минь танигдахын аргагүй өөрчлөгдчихсөн байсан шүү. Гэр бүлийнхнээсээ хол ганцаараа энд байдаг болохоор тэднийгээ санах үе зөндөө бий. Тэр тусмаа уул ус, малтай ойр өссөн болохоор цагаан сар, наадмын үеэр л эх орноо хамгийн их санадаг даа. Морь, бөх харахаар сайхан байдаг. Би өмнө Флорида мужид амьдарч байгаад одоо Сан Францискод амьдарч байна. Ирэх жил эх орондоо очно гээд төлөвлөгөө гаргачихсан байгаа. 

-Завгүй ажил амьдралынхаа хажуугаар чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэхийг хичээдэг вэ?

-Зав чөлөөгөө гүйж өнгөрүүлдэг. Эсвэл байгальд гарч аялах, алхахыг хичээдэг юм.

-Алс хэтдээ эх орондоо ажиллаж амьдрах бодол байдаг л биз дээ?

-Одоо ингэнэ, тэгнэ гэж хэлэхэд хэцүү юм. /инээв.сурв/ Хэдий би эх орноосоо хол өөр оронд амьдарч байгаа ч, Монголд болж буй үйл явдалд их бага хэмжээгээр оролцож, дуу хоолойгоо илэрхийлж байхыг хичээдэг. 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.