Г.Билгүүн: Хэрэв 19-нийг хүртэл хоёр бөх Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ гаргахгүй бол нэрсийг ЗАРЛАНА

Г.Билгүүн: Хэрэв 19-нийг хүртэл хоёр бөх Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ гаргахгүй бол нэрсийг ЗАРЛАНА

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад хоёроос нь допинг илэрсэн гэх асуудал хөндөгдөөд байгаа юм. Эл асуудлаар Үндэсний баяр наадмын комиссын Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн өнөөдөр /2019.08.12/ мэдээлэл хийлээ.

-ДОПИНГ ИЛЭРСЭН ХОЁР БӨХ РҮҮ ЗАЛГАТАЛ ХОЛБОГДООГҮЙ ТУЛ МЕССЭЖ БИЧИЖ ИЛГЭЭСЭН-

Тэрбээр энэ тухай хэлэхдээ, “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн үндэсний төвөөс шинжилгээг Солонгос руу явуулж, ОУОХ-ны баталгаатай лабораторид өгч шинжлүүлсэн. 16 бөхийн 14 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илрээгүй. Хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн. Бид наймдугаар сарын 8-нд хариуг бөхчүүд рүү албан ёсоор илгээсэн. Сэргээш илэрсэн хоёр бөх рүү залгатал утас холбогдохгүй байсан тул бид мессэж илгээсэн. Наймдугаар сарын 9-ний өдөр бичгээр гэрт нь албан бичиг хүргүүлсэн. 

Сэргээшийн төрлийн бодис илэрсэн хоёр бөх хариу авснаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээг өгөх эрхтэй. Өгөх үү үгүй юу гэдгээ өөрөө шийднэ. Б сорьцын шинжилгээний хариуг өгөхгүй байж болно. Эсвэл сэргээшийн хариуг хүлээн зөвшөөрөх гэсэн сонголт байгаа. Хэрэв 19-нийг хүртэл хоёр бөх Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ бичгээр гаргахгүй бол нэрсийг зарлана. Бичгээр хүсэлтээ ирүүлж Б сорьцын шинжилгээ өгсөний дараа нэрсийг ил болгоно.

Б сорьцод хийх шинжилгээний төлбөрийг хариуцагч өөрөө хийнэ гэсэн баяр наадмын Хувийн нууц ба хувийн нууцыг хамгаалах гэсэн хууль байдаг. Допингийн эсрэг журамд тусгаснаар сэргээш хэрэглэсэн, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн нь тогтоогдвол тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасна. Мөн сэргээш хэрэглэж шийтгэл хүлээсэн бөх Допингийн эсрэг дүрэм, заалтыг дахин зөрчвөл уг бөхийн барилдах эрхийг 5-8 жилээр хасна гэж заасан байдаг" гэлээ.

Мөн сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө. 

-Ямар хяналтын дор бөхчүүдээс шинжилгээ авдаг вэ, шээс нь солигдох тохиолдол гардаг гэх мэдээлэл үнэн үү?

-Шинжилгээнд хамрагдаж байгаа бөхчүүдэд Допингийн эсрэг үндэсний төвийнхөн, БТСГ, Олимпийн хороо, салбар хорооны төлөөллүүд биечлэн хяналт  тавьдаг. Шээс солигдох ямар ч боломжгүй, ам дамжсан яриа юм. Шинжилгээнд орж байгаа бөхчүүд углааш болон дотуур өмдтэйгээ ордог. Ямар нэгэн зүйл нууж авч орох ямар ч боломжгүй.