ОХУ: "Путин биднийг хангалттай хуурсан”  гэх лоозон барин жагсжээ

ОХУ: "Путин биднийг хангалттай хуурсан” гэх лоозон барин жагсжээ

Хойд хөрш болох ОХУ-ын Москва хотод орон нутгийн сонгуулиас үүдсэн сөрөг хүчний жагсаал хүчээ авсаар байна.

Жагсаалд залуу үеийнхэн голчлон оролцож байгааг гаднын хэвлэлүүд онцолж байгаа. ОХУ-ын нийслэл Москва хотын Думын сонгуулийг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар зохион байгуулах гэж байгаа гэх үндэслэлээр сөрөг хүчнийхэн энэ удаагийн жагсаалыг зохион байгуулж буй.

Тодруулбал, ОХУ-ын сонгуулийн хорооноос бие даан нэр дэвшсэн хэд хэдэн хүнийг хангалттай тооны гарын үсэг цуглуулаагүй гэх шалтгаанаар сонгуульд оролцохыг нь хориглосон юм. Үүнээс үүдэн сүүлийн хэдэн долоо хоног дараалан амралтын өдрүүдээр шударга сонгууль явуулахыг шаардсан жагсаал тасралтгүй болж буй юм.

Хамгийн сүүлд, ОХУ-ын нийслэл Москва болон Санкт-Петербург хотноо шударга сонгууль явуулахыг шаардсан жагсаал Бямба гаригт болж, 50 мянга орчим хүн оролцжээ. Жагсагчид албан ёсны зөвшөөрөлтэйгөөр жагссан боловч цагдаа нартай мөргөлдсөний улмаас 130 гаруй хүн баривчлагдсан байна.

Жагсаалд 49900 хүн оролцсон гэж төрийн бус байгууллагаас мэдээлсэн боловч цагдаагийн газраас 20 мянган хүн гэж мэдээлжээ. Үүний зэрэгцээ Санкт-Петербург хотноо 80 хүн баривчлагдсан байна. Жагсагчид “Бидэнд сонгох эрх өг”, “Чи (Путин) биднийг хангалттай хуурсан” гэх мэт лоозон барин жагссан ажээ.