БНСУ-ын Бусан хотын эмч нар СХД-ийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна

БНСУ-ын Бусан хотын эмч нар СХД-ийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна

БНСУ-ын Бусан, Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар УИХ-ын гишүүн Н.Учрал 2016 оны наймдугаар сард “Айр Бусан” компанийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ тохирсон байдаг. 

Энэ хүрээнд Бусан эмнэлгийн холбоо, сувилагчдын холбоо, Бусаны Солонгос анагаах ухааны нийгэмлэг, Бусан эмийн холбоо, Бусаны олон улсын хамтын ажиллагааны сан, СХД-ийн засаг даргын тамгын газар хамтран энэ онд БНСУ-ын Бусан хотоос 53 эмч эмнэлгийн мэргэжилтэн Монгол улсад хүрэлцэн ирж иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Учралын сонгогдсон 18, 19, 23, 27, 29 зэрэг хорооны иргэдэд 2019 оны наймдугаар сарын 12,13-ний өдрүүдэд эрүүл мэндийн үнэгүй үзлэг оношилгоог хийж байна. БНСУ-ын Бусан хотоос хүрэлцэн ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дотор, гэмтэл засал, нүд, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан гэсэн чиглэлээр иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж байгаа юм. 

Цаашид Улаанбаатар хотын иргэдийг эрүүл мэндийн багц үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулж энэ чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар талууд тохиролцоод байна.