ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын 3-нд нэг өдрийн айлчлал хийнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын 3-нд нэг өдрийн айлчлал хийнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад айлчлах гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл түүний айлчлалын тов тодорхой болсон байна. Тодруулбал, тэрбээр есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчлахаар болжээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “ОХУ-ын Ерөнхийлөгч Путин есдүгээр сарын 3-нд айлчилна. Түүний маргааш нь Алс Дорнодын эдийн засгийн форумд ирсэн зочдоо угтах учир 3-ныхаа орой нь буцна. Манай Ерөнхийлөгч мөн есдүгээр сарын 4-ний өглөө ниснэ. Гэхдээ Халх голын ой есдүгээр сарын 3-ныхаа өдөр болох юм биш. Өмнөх болон дараагийн долоо хоногт нь болно. Их олон үйл явдал болно.Түүний оргил нь есдүгээр сарын 3-ны өдөр байх юм” гэжээ.

Айлчлалын хүрээнд наймдугаар сарын 26-нд А.В.Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирж  наймдугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд тоглох юм. Мөн Игорь Моисеевын нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, ёслолын жагсаал, буудлага хийх, нисэх хүчний үзүүлэх тоглолт, хоёр орны цэргийн дуучид, бүжигчдийн хамтарсан концерт, хүүхэд залуусын тойрон аяллыг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хамгийн сүүлд 2014 онд айлчилж байсан юм. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө