Их газрын чулуунд 3000 уртын дууч, морин хуурчдын тоглолт болжээ

Их газрын чулуунд 3000 уртын дууч, морин хуурчдын тоглолт болжээ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт цогцолбор Их газрын чулуунд энэ сарын 10-11-ний өдрүүдэд “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам зохион байгуулагдаж өндөрлөсөн байна.

Монгол ардын үнэт өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус наадмын хүрээнд “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” 3000 уртын дууч, морин хуурчдын тоглолт болсон байна.

Энэхүү наадмын Ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Доржсүрэн, туслах найруулагчаар А.Ууганбаяр, Г.Төвшинтөр, П.Нямлхагва, зураачаар Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид нар ажилласан аж.

Түүнчлэн хүчит 64 бөх барилдсанаас Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат, Аймгийн арслан Б.Доржсүрэн түрүүлж, Говь-Угтаал сумын харьяат, Аймгийн арслан Т.Занданбат үзүүрлэсэн байна. Хурдан дааганы уралдаанд 25 даага уралдсанаас Өлзийт сумын уяач Д.Очирданзангийн хээр даага тэргүүн магнайд, Хулд сумын уяач Д.Эрболдын хээр удаах,  Цагаандэлгэр сумын уяач Д.Сайнбаярын зэгэл хонгор даага гуравт өнгөлжээ.

"Ум марзай гийнгоо" дуудах тэмцээнд 25 хүүхэд оролцсоноос Говь-Угтаал сумын сурагч Т.Энхмаа Тэргүүн байрт шалгарсан бол "Морь цоллох уралдаан"-ны Тэргүүн байрт Говь-Угтаал сумын сурагч Т.Баяржавхлан шалгарсанн аж.

Дашрамд дуулгахад, “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг үзэхээр 20 мянга гаруй хүн цугласан тухай зохион байгуулагчид онцолсон байна.