Монголын баг тамирчид Токиог зорих 30 эрхтэй боллоо

Монголын баг тамирчид Токиог зорих 30 эрхтэй боллоо

Токио хотноо 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 08-ны өдрүүдэд зуны XXXII олимпын наадам, 2021 оны 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам явагдана.

Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар олимпын 30 эрхийн болзол хангаад байна. Хамгийн сүүлд эрх авсан тамирчдыг онцлон дурдвал: 2021 оны 5 дугаар сарын 7-нд Болгарын Софи хотноо болсон бөхийн төрлүүдийн олимпын эрх олгох дэлхийн тэмцээнээс гавьяат тамирчин Э.Бэхбаяр чөлөөт бөхөөр эрхийн болзол хангасан бол эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Х.Болортуяа олимпын эрхийн болзол хангаж, чөлөөтийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Токиог зорихоор болсон.

“Токио-2020” паралимпын тухайд хамгийн сүүлд буюу 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр олон улсын пара хөнгөн атлетикийн холбооноос манай улсын нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин “Токио-2020” паралимпын наадамд оролцох болзол хангасныг албан ёсоор мэдэгдсэнээр нийтдээ 7 эрхтэй боллоо. Тодруулбал, пара хөнгөн атлетикийн тамирчид болох Ц.Энхманлай, Д.Саруултөгс нар Токиог зорино.

Олимп, паралимпын эрх олгох болон эрхийн оноогоо цуглуулах тэмцээнүүд энэ өдрүүдэд үргэлжилсээр байгаа юм.